Уламжлалт анагаах ухааны түүхий эдийн нөөц багасч буйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-06-16 13:47:00

Уламжлалт анагаах ухааны эмчилгээний түүхий эдийн нөөц багасах хандлагатай байгааг өнөөдөр болсон “Уламжлалт анагаах ухаан, эмчилгээний шилдэг аргууд” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний  V хурлын үеэр онцлов.

Хуралд АНУ, Унгар, ОХУ, Энэтхэг, БНХАУ зэрэг 7 орны 40 гаруй төлөөлөгч оролцож, уламжлалт анагаах ухааны талаар санал бодлоо солилцсон юм.

Монгол анагаах ухааны институтын тэнхимийн ахлах багш, биологийн ухааны доктор Ж.Байгалмаа, “Монгол анагаах ухаанд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн эмчилгээний аргууд бий. Тэр аргууд нь орчин үед шинэчлэгдэн өөрчлөгдөж, улам боловсронгуй болж эрдэмтэн судлаачид европ анагаах ухаантай холбон судалж байгаа нь маш дэвшилттэй. Иргэд европ эмнэлгээр явж байгаад эцсийн шатандаа орсон хойноо уламжлалт анагаах ухааныг сонгодог. Монгол анагаах ухаанд оношлох үндсэн гурван арга байдаг бөгөөд өвчнийг хөнгөн байхад нь системтэйгээр эмчилбэл илүү үр дүнтэй” гэв.

ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Эзнээ хошууны Монгол эмнэлгийн орлогч дарга З.Сүхээ хэлэхдээ, “Уламжлалт анагаах ухаан бол үндэстэн бүхэнд байдаг.  Монгол орны цаг агаар, идээ ундаа, үйл явдалд нь тохирсон монголчуудын зохиосон уламжлалт эмчилгээний жор олон байдаг. Уламжлалт анагаах ухаанд эмчлэхгүй өвчин гэж үгүй бөгөөд элэг цөс, ходоод, үе мөчний өвчинд илүү тустай. Тухайлбал, ходоодны эм гэхэд 60-70 зүйлийн найруулсан эм байдаг. Түүнийг халуун, хүйтний онолоор нарийн хуваагаад хэрэглэвэл үр дүн сайтай. Уламжлалт эмчилгээний 80-90 хувь нь ургамлын гаралтай байхаас гадна эрдэс, амьтны гаралтай эм ордог. Эдгээр эмийн чанар нь хүний цусыг шүлтлэг болгодог. Ингэснээр цусны эргэлт сайжирч, хавдар үүсэх боломжийг зогсоон, хэрэв хавдар үүссэн бол цааш сарнихыг сааруулдаг” гэв.

Мөн тэрбээр уламжлалт анагаах ухааны салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар уламжлалт анагаах ухаанд байгалийн түмэн бодисоор эм тангаа хийдэг учраас төрийн бодлогоор түүнийг шалгадаг мэргэжлийн хяналтын шалгуур стандарттай болох хэрэгтэй. Үүнээс гадна байгаль дэлхий гандаж, хуурайшиж, амьтан ургамал хорогдсоноос түүхий эдийн нөөц багасах хандлагатай байна. Тиймээс үүнийг тарих, ургуулах, хамгаалах талаар арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг онцолж байв.

Тус хурлыг хоёр жил тутамд зохион байгуулах аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ