Тусгай эмнэлэгт амаржсан эх эдгэрч, эмнэлгээс гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-15 12:00:05

Архангай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдээр төрөх тусгаарлах эмнэлэгт "Ковид-19" халдвартай, хэвтэн эмчлүүлж байсан эх амаржиж охинтой болсон тухай мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл өчигдөр тухайн эмэгтэйн шинжилгээний хариу сөрөг гарч, эх охин хоёр эмнэлгээс гарлаа.


Архангайд нийт батлагдсан тохиолдлуудын 69,5 хувь нь эхний шинжилгээгээр, 25 хувь нь хоёр дахь давтан буюу 6 дахь өдрийн шинжилгээгээр, 5,5 хувь нь гурав дахь давтан буюу 13 дахь өдрийн шинжилгээгээр батлагдсан үзүүлэлт бий. Иймд иргэн бүр хариуцлагатай байж, хэрэв хавьталд тодорхойлогдсон бол нэн тэргүүнд гэрийн дэглэмээ чанд сахин, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж мөрдөхийг дахин сануулж байна. 


Цар тахлын үеийн нөхцөл байдал нь иргэдийн аж амьдрал, хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг үндэслэн, одоогийн байгаа дэглэмээ баримталж, тэг зогсолт хийлгүйгээр ажиллах шийдвэрийг АОК гаргасан. Хэдийгээр АОК энэ дэглэмийн шийдвэрийг гаргасан хэдий ч иргэд илүү хариуцлагатай байж, цар тахлыг хамтдаа даван туулах болно хэмээн мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн.

Тиймээс албан байгууллагууд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж, сул хөдөлгөөн хийлгүй зөвхөн хүнсний хэрэгцээгээ хангах, төрийн бүх үйлчилгээг цахимаар гэрээсээ авах зэрэгт онцгой анхаарахыг АОК-оос уриалж байна. Нэн шаардлагатай гэрээс гарах тохиолдолд хувийн дэглэмээ чанд сахиж, амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зайгаа барих, гараа ариутгах, шаардлагатай бүртгэл мэдээллээ хийлгэж, албаны хүмүүсийн шаардлагыг биелүүлэн зорчихыг нийт ард иргэддээ анхаарууллаа.

Холбоотой мэдээ