НҮБ цахим шилжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-04-15 12:32:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн цахим үндэстэн болох зорилтын хүрээнд цахим шилжилтийг дэмжиж хамтран ажиллахаа Монгол дахь НҮБ-ын газраас илэрхийлж байна. Энэ талаар НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газартай хийсэн цахим уулзалт дээр онцлов. 

Тэрээр, "Энэ бол Монгол Улсын цахим шилжилтийг дэмжих чиглэлээр бидний хооронд хийх хамтын ажиллагаагаа эхэлж байна" гэдгийг тодотгов. Цааш нь хэлэхдээ, НҮБ нь дижитал эриний хөгжлийн үр шимийг бүх хүн тэгш хүртдэг байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гишүүн улс орнуудад зориулан санал зөвлөмжийг боловсруулаад байгааг дуулгав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын танилцуулсан "Цахим хөгжлийн хамтын ажиллагааны даян дэлхийн хөтөлбөр" нь 2030 он гэхэд бүх хүнд интернэтэд холбогдсон байх боломж олгох, цахим, онлайн орчинд хүний эрхийг эрхэмлэн дээдлэх, дижитал дэвшлийн болзошгүй аюулаас хүн амын хамгийн эмзэг хэсгийг хамгаалахыг уриалан дуудаж буй хэрэг юм.  Монгол Улс цахим үндэстэн болохыг эрмэлзэж буйтай холбоотойгоор энэ нь Монгол дахь НҮБ-ын үйл ажиллагааны тэргүүн зорилтын нэг болоод байна. Уулзалтын үеэр, Монгол Улсын Засгийн газрын өргөн цар хүрээтэй цахим шилжилт-цахим үндэстэн хөтөлбөртэй танилцах боломж бидэнд олдлоо гэв. 


НҮБ Монгол Улсад цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг судалж байна



“Монгол Улс цахим үндэстэн болохыг эрмэлзэж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг "Алсын хараа-2050”-д салбар тус бүртээ цахим шилжилтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгасан"-ыг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ онцлов. 

Монгол Улс цахим үндэстэн болохын тулд үндсэн 6 зорилтыг дэвшүүлээд байна. Монгол Улс хэдий орон даяар интернэт сүлжээ нэвтрүүлсэн ч "COVID-19"-ийн өнөөгийн цар тахал уг дэд бүтэц хангалтгүй байгааг харуулж буй тул улс орон даяар, ялангуяа алслагдсан орон нутгийн иргэд интернэт сүлжээнд бүрэн холбогдоход шаардлагатай дэд бүтцийг сайжруулахаас уг ажлыг эхлүүлнэ гэдгийг Б. Болор-Эрдэнэ хэллээ. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үйл ажиллагааг сайжруулахын тулд цахим засаглалыг бэхжүүлэх явдал нэн тэргүүнд тавигдана. Засгийн газар 590 гаруй үйлчилгээг санал болгодог. Үүнээс 330 үйлчилгээг цахимаар хүргэх боломжтой болоод байна. 

Дижитал хөгжлийг хурдасгахын тулд Монгол дахь кибер аюулгүй байдлын системийг бэхжүүлэхэд чиглэнэ.  Хүн амынхаа мэдээллийг хамгаалах системийг чангатгах үүднээс Кибер аюулгүй байдлын тухай хууль боловсруулж байна.

Засгийн газрын зорилго бол хүн амын дижитал бичиг үсгийн боловсролыг дээшлүүлж, дижитал хуваагдлыг арилгах, уг хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх нөхцөлийг хангах явдал юм. Одоогоор, цахим хөгжлөөс орхигдох магадлалтай 4 томоохон хүн амын бүлгийг тодорхойлсон. Үүнд: 

-Алслагдсан нутгийн иргэд, 

-Дижитал болон цахим залилангийн хохирогч болох хандлагатай байдаг өндөр настнууд, 

-Нийгмийн ядуу болон гадуурхагдсан хэсэг, үүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, боловсрол багатай иргэд гэж тодорхойлсон. Ирээдүйд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь ур чадварын өндөр эрэлтэд нийцүүлэхийн тулд дижитал боловсролыг хурдасгах шаардлагатай байна гэж  үзэж буйгаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ илэрхийлэв. 

Эцэст нь, улс орноо олон улсын түвшинд сурталчлан таниулж, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд инновац, дижитал контент үйлдвэрлэлд анхаарч ажиллах болно. Үүний тулд, Монгол Улс цахимжуулах үйл явцыг бүхий л салбарт эрчимжүүлэх зорилт тавьж байна. Салбар тус бүрт цахим хөгжлийг дэмжих чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүчин чармайлтаа уялдуулснаар хөрөнгө хүч хэмнэж, үр ашгаа нэмэгдүүлэх боломж их байгааг хатагтай Б.Болор-Эрдэнэ онцоллоо. Тэрбээр, Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын зүгээс e-Mongolia хөтөлбөр болон бусад салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хэрхэн хамтран ажиллаж буйтай танилцав. 

Ноён Тапан Мишра, Монгол дахь НҮБ нь цахим шилжилтийг эрчимжүүлэх, дижитал хөгжлийг илүү  хүртээмжтэй болгох, дижитал чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, "Цахим үндэстэн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ дахин илэрхийлэв. 

Талууд цаашдаа, Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд технологийг хөшүүрэг болгон ашиглах боломжуудыг судлахаар тохиролцов.

Холбоотой мэдээ