Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шаардлагатай хүний нөөц, оношлуурын асуудлыг шийдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдварын нөхцөл байдал хүндэрч, өрх, дүүргийн эмнэлэгт хүний нөөцийн хомсдол үүсэж эхэллээ. Нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээг ЭМЯ-наас авч эхэлсэн байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд өнөөдөр ажиллаж шаардлагатай хүний нөөц, оношлуурыг шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн зарим өрхийн эмнэлэгт хүний
нөөцийн хомсдол үүсжээ. Өрхийн эрүүл мэндийн төвийн хоёроос гурван хүн нь
халдвар авч, эсвэл ойрын хавьтал болж тусгаарлагдахад л эмнэлгийн үйл ажиллагаа
доголдож байгааг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны өрхийн эмнэлгийн сувилагч
Л.Энхбаяр хэллээ. Мөн хүнд хэцүү энэ цаг үед өрхийн эмнэлэгт ирэх шаардлагагүй
иргэд ирж үйлчлүүлэх гэж хүндрэл учруулж буй тухай тус эмнэлгийн сувилагч
Л.Цагаач ярьж байв. Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны өрхийн эмнэлгийн эмч,
сувилагч нар үндсэн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна гэрээр тусгаарлагдсан
иргэдэд хяналт тавин ажиллаж байна. Тэдэнд тулгамдсан зарим асуудлыг Эрүүл
мэндийн сайд С.Энхболд шийдвэрлэж, арга хэмжээг авлаа.
Өрхийн эмнэлэгт дутагдаж буй
эмч, сувилагчийг бусад газраас нөхөж ажиллуулахаар зохицуулж эхэлжээ. Мөн дүүрэг бүрт
тандалт, хариу арга хэмжээний багийг төвлөрүүлж “COVID-19” өвчнөөр өвчилсөн хүмүүст түргэн хүрч үйлчлэх
нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн байна. Мөн зарим дүүрэгт шаардлагатай эм, оношлуур
зэргийг Эрүүл мэндийн сайд шийдвэрлэлээ.
Тухайлбал, Баянзүрх дүүрэгт шаардлагатай байгаа
2000 оношлуурыг шийдвэрлэж өгсөн юм. Улаанбаатарын хэмжээнд гарч буй
голомтолсон халдвар нь орон сууцанд их байгааг Чингэлтэй дүүргийн эрүүл
мэндийн төвийн дарга Лхагва тайлбарлав. Тус дүүргийн 6-р хороонд хамгийн их
халдвар бүртгэгдсэн тухай Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналт,
тандалтын албаны дарга Д.Содгайхамшигмаа танилцууллаа. Тухайлбал, орон сууцанд амьдардаг нэг иргэн өвчлөхөд
түүний ойрын хавьтлын 4-16 хүн өвчилж буй гэнэ.
Ковидоор өвчилсөн хүмүүсийг хүргэх эмнэлгийн асуудал хамгийн том тулгамдаж буй бэрхшээл болж хувирч буй талаар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нар ярьж байна. Нөхцөл байдал хүндэрч буй учир шаардлагатай нөхцөлд бусад эмнэлгийг дайчлахаас өөр гарц байхгүй. Тухайлбал, ХНХЯ-ны харьяа эмнэлгийг дайчлах талаар салбарын сайд нар зөвлөлдлөө. Өнөөдөр эмнэлэгт өвчтөнийг авахаас гадна, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр тусгаарлан эмчилж буй. Цаашид эмнэлэгт ковидоор өвчилсөн хүмүүсээ авах тал дээр ажиллаж байна. Гэвч хамгийн гол тулгамдсан асуудал нь хүний нөөц учир иргэд өвдөхгүй байхад ухамсартай байх шаардлага зүй ёсоор тулгарч байгааг эмч нар хэлж байлаа.