Ш.Оргил: Стратегийн ач холбогдол бүхий аймаг учраас иргэн бүр дээрээ анхаарч, дархлаажуулалтад хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-19 16:22:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнууд аюулт цар тахалтай нүүр тулж, түүнээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх анхаарлаа чиглүүлж байна. Манай улс ч үүнийг тойрсонгүй. Ажил амьдралын хэвийн бус горимд шилжээд байгаа. Энэхүү үүссэн нөхцөл байдал орон нутагт ямар байгаа талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой хөөрөлдсөн юм.


-Улс орон даяар нөхцөл байдал хүндэрч, аюулт цар тахлаас улс орноо, иргэдээ аварч хамгаалахаар хүч тавин ажиллаж байна. Таны хувьд цар тахлын дараах ертөнцийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Жил гаруйн өмнөөс корона гэдэг шинэ үг хэрэглэгдэж эхэллээ. Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Миний хувьд үүний дараагаар бид хэвийн амьдралдаа орно гэдэгт итгэлтэй байна. Иймээс эхний ээлжинд бид иргэдээ дархлаажуулах хэрэгтэй. Дэлхий нийт одоо хөл алдаж байна шүү дээ. Энэ аюулт цар тахал шинэ тутам гарч байгаа гэдэг дээр л гол нь байгаа. Түүнээс биш хуучин бидний мэддэг өвчин биш. Би, бид хар багаасаа л дархлаажуулалтад хамрагдаж ирсэн. Улаанбурхан, салхин цэцэг гээд л үе шаттай дархлаажуулалт хийсээр ирсэн. Ирээдүйд үүнтэй адил л гэж бодож сайхнаар харж байгаа. Гэхдээ хүн болгон дархлаажуулалтад хамрагдах ёстой. Энэ ажлыг УОК, Засгийн газраас маш хурдан шийдвэрлэх хэрэгтэй. Манай аймагт эхний ээлжинд 15 мянган тун вакцин ирээд онцгой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс болон иргэддээ хийсэн. Дараагийн ээлжийн вакцин ирээд дархлаажуулалтаа хийгээд явчих юм бол энэ цар тахлыг даван туулж чадна. Эдгэнэ маш чухал. Өнөөдрийн байдлаар /4-р сарын 19-ний өдөр/ манай аймгийн ковидын тасгаас 80 хүн эмчлэгдээд гарлаа. Байнга санаа зовоож байгаа нэг асуудал бол иргэдийн маань тоомжиргүй байдал. Үүнээс болоод хомроглоод алдчихвал аюул шүү дээ. Хэтэрхий олноор гарвал эмчилж дийлэхгүй гэдэг дээр санаа зовж байна. Яагаад гэвэл энэ өвчин амьсгалын замаар уушгийг маш хурдан гэмтээж үхэлд хүргэдэг аюулт тахал. Ийм учраас бага дээр нь дарж аваад, эмчилгээг нь хийлгээд явчих юм бол айхгүй байж болно.

-Иргэдийн дунд вакцины ойлголт янз бүр байна. Энэ асуултын тухайд таны бодол?

-Вакцины тухайд тэр нь сайн, энэ нь муу гэдэг асуудал бий. Иргэдийн дунд вероселл хийлгэхгүй, спутник хийлгэнэ гэх мэтээр. Бид үүн дээр үнэлэлт дүгнэлт хийх шаардлагагүй. Энэ чинь эдийн засгийн салбараараа, эрүүл мэндийн салбараараа дэлхийд тэргүүлдэг улсууд үүний эсрэг вакцин гаргачихаад байхад бид түүнийг үгүйсгэж болохгүй. Би бол ийм л бодолтой байна.

-Монгол Улсад короновирусний анхны тохиолдол бүртгэгдсэн аймаг бол Сэлэнгэ. Өнгөрсөн оны 11,12-р сар Сэлэнгэ аймгийн түүхэнд хамгийн хар, түшгүүрт өдрүүд үргэлжилж байсан гэхэд хилсдэхгүй. Аймгийн дарга, Онцгой комиссын дарга хүний хувьд өнгөрсөн үеийн талаар юу гэх бол?

-Сэлэнгэ аймгийн түүхэнд анх Сүхбаатар, Алтанбулаг, Мандал гэсэн гурван суманд нийт 217 тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол дан Сэлэнгэ аймгийн асуудал биш. Монгол Улсын асуудал. Энэ өвчнийг дэлхий дийлэхгүй байгаа гэдгийг иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Тэр дундаа аймгийн төв Сүхбаатар суманд 213 тохиолдол гарсан. Энд бид үнэхээр хөл алдаж байсан. Энэ үед үнэхээр хэцүү байсан. Тэр үед УОК руу, ЭМЯ-руу цаг бүр ярьж чиглэл авч байлаа. Яах ийх зөвлөмжийг авч байсан. Одоо бол бид харьцангуй туршлагатай болсон. Аймагтаа ковидын тасаг нээчихлээ. Мөн бүсийн ЭМТ-дэд ковидын тасаг нээнэ. Энэ бол эрсдэлээс хамгаалсан бэлэн байдлын хангалт.

Үнэхээр Сүхбаатар суманд хүнээ авч дийлэхгүйд хүрвэл бид энэ бэлдсэн тасгууддаа хүнээ авахаас өөр аргагүйд хүрнэ. Үүнийг иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Түүнээс биш сумандаа заналхийлээд вирустэй хүмүүсээ гадуурхаж байгаа юм огт биш. Энэ бол өвчин. Хэн ч тусна. Гэмт хэрэг биш. Тэр хүн өвчин туссан болохоос биш хэрэг хийсэн хүн биш. Ийм учраас бид өвчилсөн хүмүүсээ сэтгэл санаагаар дэмжиж, аль болох өөдрөг байхад нь дэмжлэг үзүүлэх ёстой. Ингэж дархлааг нь дэмжсэнээр хэвийн байдалдаа орж хурдан эдгэнэ. Түүн дээр нь дарамт өгөөд элдвээр хэлээд байвал тэр хүн чинь сэтгэл санаагаар хямраад улам хүнд байдалд орж, дархлаа нь унана. Мөн шөнө нойр нь хүрэхгүй байх, дархлаа нь унах гээд олон зүйл нөлөөлдөг юм билээ. Иймээс миний хувьд ийм хүмүүсээ дэмжээд цөөн тоотой байгаа дээр нь илрүүлээд эмчлээд байвал бидэнд ямар ч асуудал байхгүй гэж үзэж байгаа.

Тэгэхээр иргэн бүр өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ маш сайн бариад, олон нийтийн газраар аль болох явахгүй, хөдөлгөөн ихтэй газраар үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ бол та өөрийгөө л хамгаалж байна гэсэн үг. Түүнээс биш бид халдварыг албаар алдчихаад түүнийхээ хойноос хөөцөлдөөд байгаа юм биш шүү дээ. Энэ дээр аймгийн Онцгой комисс тэр дундаа Эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй зөвлөгөө зөвлөмжүүдийг ягштал биелүүлээд явах юм бол бид коронавирус гэдэг өвчнөөс айх аюулгүй болох юм.

-Сэлэнгэ аймагт анхны тохиолдол бүртгэгдсэн. Орон нутагт анхны тохиолдлуудаа эмчилж эдгээсэн. Нэг ч хүнээ ковидоор алдаагүй гээд бас бахархан дуугарах олон зүйл бий. Ерөнхийдөө энэ ковид гэдэг аюулт тахлаас юуг ойлгож үлдэв?

-Энэ ковид гэдэг аюулт тахал одоо хүртэл үргэлжилж байна. Намжаагүй байна. Манай аймгийн Барунбүрэн, Түшиг сум бүх хөдөлгөөнөө зогсоосон. Маш ихээр халдвар гарч байна. Хамгийн гол нь бидний нэг тайтгарч байгаа юм бол шинээр голомт үүсгээгүй. Харин гарсан голомтынхоо хөл хориог тогтоогоод, бариад авчихсан болохоор энд анхаарлаа хандуулаад ажиллаад явж байна. Бид голомтоо тогтоогоод хумиад авчихсан болохоор энэ дээр айхгүй байгаа. Илэрч байгаа нь ойрын хавьтлууд. Миний хамгийн их санаа зовдог юм бол хэн ковидтой нь шууд илэрч мэдэгддэгүйд л байгаа юм. Заавал 7-8 хоногийн дараа илэрч гарч ирдэг. Энэ бол хамгийн аюултай. Иймээс манай аймаг 7 хоногийн тусгаарлалтыг 10 хоног болгосон.

Яагаад гэвэл одоо 8-9 хоног дээрээ илэрч байна. Зарим хүнээс 13 хоногийн дараа батлагдаж байх жишээтэй. Хэрвээ бид 7 хоногоор тусгаарлаж байсан бол тавиад туучих байлаа. Нөгөө хүн чинь би зүгээр, тусгаарлалтаас гарсан гээд явчих байсан. Ингээд ирэхээр сумдад улам бүр аюул болох байлаа. Иргэд маань голомттой бүсээс гэр орондоо ирж болно. Бид ч иргэдээ авна. Хүний амьдралд олон төрлийн нөхцөл, шалтгаан байдаг. Хамгийн гол нь гэртээ ирж байгаа иргэд минь аймаг, сумынхаа ОК-оос өгч байгаа зөвлөмжийг л ягштал дагаад өгөөчэй гэж би иргэдээсээ хүсэж байна. Ирсэн бол гэрээсээ битгий гараач ээ. Гэрт чинь хэдэн хүн байна, тэднийгээ хамгаалаач ээ л гэж хүсээд байгаа юм. Одоо гарч байгаа тохиолдлууд дандаа гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа учраас дотооддоо зөөвөрлөгдөж байгаа юм. Түүнээс биш дотооддоо ургаж гардаг өвс ургамал биш. Дандаа гаднаас ирж байгаа гэдгийг дахин дахин хэлээд байна. Тухайн иргэн өөрийгөө эрүүл зүгээр л гэж бодоод явж байгаа. Манай аймаг PCR шинжилгээнд найдахгүй байгаа. Тухайн үед өгөхөд тэр хүнд халдвар байхгүй байна гэж байгаа болохоос биш 72 цагийн дараа танд дархлаа тогтоочихлоо гэсэн үг биш. Иймээс энд хатуу байр суурьтай байгаа. Ийм ч учраас манай аймаг гаднаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Яг одоо Сэлэнгэ аймаг руу, аль ч сум руу очиход нь вирусний халдвар байгаа үгүйг байнга түргэвчилсэн оношлуураар үзэж байгаа. Ингэж бид маш ихийг илрүүлсэн гэдгийг би мэднэ. Итгэлтэй хэлэх байна. Энэ алхмыг хийлгүйгээр тухайн газартаа өгсөн PCR шинжилгээг үндэслээд явуулчихсан бол ямар эрсдэлд орох вэ? Тэр хүн замдаа олон сумаар дамжина, хүнтэй уулзана, бууж сууж хоол унд иднэ. Халдвар тараагаад л яваад байна гэсэн үг. Иймээс аймгийн Онцгой комиссоос ийм арга хэмжээг авч байна. Энэ маань харьцангуй халдварыг тархахаас хамгаалж байгаа зөв шийдвэр гэж бодож байгаа.

-Мэдээж олон үйл явдлууд өрнөж байна. Оновчтой зөв шийдвэр, зөв зохион байгуулалт ийм харицлагатай үед хамгаас эрхэм. Өнгөрсөн үйл явдлуудыг эргээд харахад хамгийн чухал сургамж болсон зүйл юу байв?

-Миний хувьд бодож байхад хамгийн том сургамж авах зүйл бол ногоон бүс байсан аймгууд хоорондоо зорчих асуудал дээр алдаа гаргасан байна гэж ойлгож байгаа. Эрүүл бүс нутаг юм чинь гэж үзээд хоорондоо зорчих хөдөлгөөн хийж байсан. Хүний амьдрал үргэлжилж байгаа учраас ингэхээс ч өөр арга байхгүй байлаа. Монгол Улсын иргэд бид хаашаа ч зорчих нь нээлттэй шүү дээ. Өөр нэг чухал асуудал нь аймаг орон нутагт хүнсний хомсдол үүсэх вий, үнийн өсөлт бий болох вий гэсэн эрсдэлээс сэргийлж, аймаг хооронд аль болох асуумжаар явуулж байсан. Гэтэл Дархан-Уул аймгаас асуумжаар Сүхбаатар суманд ирээд явсан хоёр иргэнээс халдвар илэрсэн. Энэ хүмүүсийг буцах замд нь санаандгүй 4 замын пост дээр очиход нь Дарханд халдвар гарлаа гэдгийг сонсоод, тэнд ажиллаж байсан хүмүүс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад ковид илэрсэн. Хэрвээ тэр үед ингэж аваагүй байсан бол өнөөдөр Сүхбаатар суманд хэчнээн ч хүн халдварлаж, дахиад хэд болчихсон байх вэ. Ийм зүйлийг бид маш анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Дээрх хоёр иргэн Сүхбаатар суманд ирээд маш олон газраар явсан, олон хүнтэй уулзсан байсан. Ингээд л Сүхбаатар суманд 217 тохиолдлоо эмчилж эдгээснээс хойш ахин халдвар гарсан.  Өнөөдөр гарах хөрөнгө зардал хамаагүй ээ. Бид голомтыг барьж авснаар асар их хохирлыг, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс гэхээр ганцхан Оргил гэдэг хүн биш шүү дээ. Маш олон үүрэг чиглэлийн байгууллагын хүмүүс ажиллаж байгаа. Тэд өдөр шөнөгүй ажиллаж байна. Үнэхээр нойроо хасаж байгаа. Аль нэг суманд асуудал гарлаа гэхэд шөнө орой үүрээр аль ч цагт дуудагдаад, орой дуудагдсан бол өглөө болтол ажиллаад л суудаг. Жишээ нь манай Цагааннуур суманд хоёр тохиолдол бүртгэгдсэн. Иргэд нь тус сумын иргэд боловч тэр 2 иргэнийг сум руу нь оруулалгүй 4 замын пост дээрээс илрүүлээд аймгийн ковидын тасагт авчирч эмчилгээнд оруулсан. Эрт илрүүлсэн учраас эмчлүүлээд л гарчихна.

-Сэлэнгэ аймаг хоёр том боомттой. Газар тариалангийн гол бүс, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалдаг, төмөр зам, олон улсын авто зам гээд стратегийн чухал бүс нутаг. Энэ бүх салбарт ковид хэрхэн нөлөөлөв?

-Сэлэнгэ аймаг бол 2 том боомттой. Монгол Улсын хүнсний хангамжийг дангаараа биш ч гэлээ дийлэнх хэсгийг нь хариуцан ажилладаг. Манайхтай ижил олон хил боомт яг ийм үед ажиллаж байгаа ч хамгийн гол хүнс орж ирж буй гэдгээрээ Алтанбулаг онцлогтой боомт. Мөн Сүхбаатар төмөр замын боомт байна. Алтанбулаг боомтоор одоо ч өдөр бүр 20-30 олон улсын ачааны автомашин хүнс ачаад орж ирж байна.  Иймээс манай аймаг бол стратегийн ач холбогдолтой гол бүс нутаг. Энэ ч утгаараа нэн түрүүнд дархлаажуулах ажлыг хийх ёстой гэж үзэж байгаа. Иймээс иргэдээ хамруулах байр суурийг барьж байна. Мөн ирэх жилийн хүнсний хэрэглээ энэ ширээн дээр байх талх, нарийн боов байх уу, үгүй юу гэдэг асуудал чухал. Сэлэнгэ аймаг дангаараа 50 хувийг хангаж байгаа аймаг. Иймээс бид тариаланчдаа бас нэн түрүүнд дархлаажуулалтад хамруулна. Энэ хүмүүс ажиллаж байж, тариа ногоогоо тарина. Мөн төмс, хүнсний ногооны 50-60 хувийг дангаараа хангаж байгаа аймгийн хувьд бид стратегийн ач холбогдол өндөр аймаг учраас иргэн бүр дээрээ анхааралтай хандаж дархлаажуулалтад түрүүлээд хамруулаад авах зорилго тавьсан ажиллаж байна. 

-Өнгөрсөн хугацаанд алдаж оносон олон л асуудал байгаа байх. Гэхдээ ковидын дараах Сэлэнгэ аймаг таны сэтгэлд хэрхэн төсөөлөгдөж байна. Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын 100, аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн тэгш ой. Мэдээж хийхээр төлөвлөсөн ажил үйлс их л байгаа байх. Ирээдүйн Сэлэнгэ аймгийн хөгжлийг хэрхэн оновчтой цогцлоох вэ?

-Бидэнд алдаж оносон асуудал маш их бий. Ядаж л 10 жилийн хичээл, Анагаахын их сургуульд энэ ковидын тухай үзэж байсангүй. Шинэ тутам гарч ирсэн өвчин дэлхий дийлэхгүй байгаа гэдгийг л иргэд минь ойлгох хэрэгтэй. Би бол ухамсарлаж байна. Дэлхийн шинжлэх ухаан одоо л вакцинаа гаргаж авахаар, зарим нь гаргаж аваад хүлээн зөвшөөрсөн явж байгаа ийм үед ажиллаж байна. Цаашдаа бид хэвийн байдалд орно гэдэгт итгэлтэй байгаа. Өмнө нь ч хэлсэн. Энэ жил Ардын хувьсгалын 100 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ой болно. Би хамгийн түрүүнд энэ ковид дээр анхаарлаа хандуулж байгаа. Бид эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ гэдэг шүү дээ. Өвчин зовлонгүй, эрүүл иргэдтэйгээ байж л аймаг орон нутгаа хамгаалж авч үлдэнэ. Өвчингүй л бол дараа нь баяр ёслол, ойг хичнээн сайхан, сэтгэл хангалуун, бүтээн байгуулсан зүйлтэй хийж болно. Өнөөдрөөр бидний амьдрал дуусах гээгүй шүү дээ. Иймээс би ийм бодолтой байгаа.

Энэ ойгоороо бид баяр тэмдэглэж, баяр ёслол хийхээсээ илүү бүтээн байгуулалт ихтэй ийм ойг тэмдэглэе гэсэн зорилго тавьсан. Ерөнхийдөө төрийн ажил тасалдахгүй л явж байна. Төлөвлөсөн ажил хэдийгээр их байгаа ч хийх ямар ч нөхцөл боломж алга. 10-аас дээш хүн цуглаж болохгүй байна. Ийм нөхцөл байдалд бидний ажил яаж явах уу. Тэгэхээр төрийн ажил ямарч байсан тасалдахгүй зарчмаар явж байх ёстой. Одоо бол бид 1-рт энэ ковидыг дарах ажлыг тавьсан. Үүнийг дарж авч байж дараагийн ажлаа энхийн сайхан цагт хийж амжуулж чадна гэж бодож байна.

Ерөнхийдөө энэ ковид гэдэг өвчин бол хэцүү, шинэ тутам гарч ирсэн. Хамгийн осолтой нь одоо байхгүй байгаа ч халдвар тараасаар. Шинж тэмдэг илэртлээ яваад байдаг ийм муухай өвчин. Ийм учраас иргэдийгээ хүн хоорондын зайгаа барьж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа байнга ариутгаж халдвар хамгааллаа сайн сахиарай гэж хэлээд байгаа юм. Ийм байхад ямар ч асуудалгүй гэж шинжлэх ухаан нотлоод хүлээн зөвшөөрөөд хэлсэн зүйл.

Цаашдаа улс, аймаг орон нутгийнхаа иргэдийн эрүүл мэндийн төлөө анхаарч, цар тахлын аюулыг дарж авснаараа бидний амьдрал хэвийн, энгийн сайхан болно гэдгийг өөдрөгөөр харж, ажиллаж байгаа.

-Ковидын халдвараас сэргийлсэн удаа дараагийн хөл хорио хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна. Засгийн газраас иргэддээ хандсан дэмжлэгийг үзүүлж байгаа ч яг аймаг орон нутгаас ямар бодлого баримталж байна вэ?

-Сая сүүлд гэхэд улсын онцгой комиссоос зарим төрлийн салбарыг ажиллуулна, заримыг нь ажиллуулахгүй гэлээ. Бид аль болох сум хооронд хөдөлгөөн хийхгүйгээр доторх үйл ажиллагаагаа хаахгүйгээр зохицуулсан. Миний хамгийн их санаа зовдог сум бол Алтанбулаг. Энд зөвхөн хилээр орж гарч, өдрийн амьжиргаагаа залгуулдаг иргэд байдаг. Эдгээр иргэд 2 жил шахам ажилгүй суулаа. Иймээс тэд амьдралаа яаж залгуулах вэ. Энэ ч утгаар сая дархлаажуулалтад албан ёсоор бүртгэлтэй хэдэн иргэн Алтанбулагт байна. Тэр иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулсан. Хил нээх л юм бол хамгийн түрүүнд орж, гарах боломжийг нь олгох үүднээс эхний тунд хамруулсан. Энэ мэт арга хэмжээг авч байна. Эцэст нь хэлэхэд бид санаатайгаар хил гаалиа хаагаад байгаа юм биш ээ. Энэ аюулт тахлыг алдахгүйн тулд, өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалж байгаа учраас түр хугацаанд хил гаалиа хаагаад байгаа юм. Энэ бол цаг зуурын л асуудал. Эргээд сайхан цаг ирнэ.

-Ийм онцгой үед гаргасан оновчтой шийдвэр эрсдэлээс хамгаалах том алхам болно. Улсын Онцгой комиссын шийдвэрийг улс даяар дагаж мөрдөж байна. Гэвч аймаг орон нутгийн тухайд аймгийн Онцгой комиссоос тусгайлан дагаж мөрдөх ямар нэгэн шийдвэр, журам бий юу?

-Бид Улсын онцгой комиссын шийдвэрээр явж байгаа. Ийм арга хэмжээний зохион байгуулалт хийнэ гэж өөрсдөө дур дураараа шийдвэр гаргаж болохгүй. Засгийн газрын төлөөлөгч буюу нэгжийн нэг төлөөлөгч гэж аймгийн Засаг даргыг би боддог. Засгийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа учраас тэр шүү дээ. Бид мэдээж бусад аймагтайгаа харилцаа холбоотой байж, мэдээллээ солилцох асуудлуудаа байнга хийнэ. Иргэдээ авах, өгөх гэх мэт. Харин бусдаас ялгараад Сэлэнгэдээ хэрэгжүүлэх тактик боловсруулж бол болохгүй. Бусдадаа нээлттэй, салбар дундын хамтын ажиллагаа гэдэг шиг аймаг бүр хамтын ажиллагаатай байна. Манай иргэд ч бусад аймагт байна. Бусад аймгийн иргэд ч манай аймагт байна. Тэд ирж, очих ёстой. Иймээс аймгууд хоорондоо холбоотой байж, хамтран ажиллах ёстой. 

-Хяналтын постууд дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч буй учраас аймаг руу эрсдэлтэй иргэдийг оруулахаас хамгаалж байгаа гэж та хэлсэн. Энэ бол маш өндөр хариуцлага юм. Шинжилгээний төхөөрөмж хангалттай бий юу. Саяхан Баруунбүрэн сумын иргэдийг нэг бүрчлэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсан?

-Шинжилгээний төхөөрөмж улсын хэмжээнд хүрэлцээ хангамж тааруу байгаа. Энэ төхөөрөмжийг бид дуртай эмийн сан, аль нэг компаниас шууд авах боломжгүй зүйл. Бид Баруунбүрэн суманд нийт 1379 хүнийг шинжилгээнд хамруулсан. Энд 1000 ширхэгээр тооцоход зөвхөн оношлуур нь 23 сая төгрөг. Түүний ард ажиллах хүч, цалин мөнгө, хоол унд, машин тэрэг, бензин шатахуун, зохион байгуулах ажлууд гээд маш их зүйл байдаг. 1000 хүнээс шинжилгээ авахад л доод тал нь 30-40 сая төгрөгийн зардал гарч байна. Ингээд бодоход санхүүийн хувьд асар их дарамт учруулсан цар тахал юм. Ингэлээ гээд бид байгаа мөнгөө харамлах биш, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зарцуулж байна. Баруунбүрэн сумын 1379 хүнээс 10 хүн энэ шинжилгээгээр халдвартай нь батлагдлаа. Энэ халдвар авсан 10 хүнээ бусдад тархаахаас нь өмнө эмчлээд, ойрын хавьтлуудыг хянаад явбал энэ сум хохирол багатай даваад гарна. 

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Холбоотой мэдээ