Арно Экманн: Дэд төвүүдийг байгуулах нь гэр хорооллыг хөгжүүлэх гол стратегийн нэг юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-19 15:20:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ-наас нийслэлд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-өөр гэр хороололд дэд бүтцийн 6 төв байгуулж байна. 

АХБ болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй дээрх төсөл хөтөлбөр нь 3 үе шаттайгаар 10 жил хэрэгжинэ. Төслийн I шатанд нийслэлийн хойд бүсийн гэр хорооллыг "Баянхошуу", "Сэлбэ" дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажил бараг дуусч, төслийн II дахь үе шатны "Дэнжийн мянга", "Дамбадаржаа" дэд төвийн ажил үргэлжилж байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар АХБ-ны Хот байгуулалтын тэргүүлэх мэргэжилтэн Арно Экманнтай ярилцлаа. 


-АХБ-наас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийг анх аль талын санаачилгаар хэрэгжүүлж эхэлсэн бэ? Хөтөлбөрийн зорилго, санхүүжилтийн талаар товч танилцуулна уу? 

-Энэхүү хөтөлбөр нь АХБ-ны дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг юм. Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, АХБ хамтран санаачилсан. Улаанбаатар хотын оршин суугчдын 60 хувь нь амьдарч буй гэр хорооллын бүсийг цогц дэд бүтцэд холбохгүйгээр тэнд оршин суугчдын хэрэгцээ, шаардлагыг хангах хэмжээнд хөгжүүлэх боломжгүй юм. Энэ байдал дээр үндэслэн төслийг боловсруулсан. 344 сая ам.долларын хөрөнгө оруулалтын энэхүү хөтөлбөр нь 3 үе шаттайгаар хэрэгжинэ. Европын хөрөнгө оруулалтын банк хөтөлбөрийг хамтран санхүүжүүлж байгаа.

-Гол үр дүнд яаж гарч, юу хийж байна вэ?

-Хөтөлбөрөөр дамжуулан гэр хорооллын бүсэд нэн шаардлагатай байгаа үйлчилгээг хүргэх юм. Гэр хорооллыг амьжиргаа залгуулах боломж бүрдсэн, иргэдийн орлогод нийцсэн орон сууц бүхий байгаль орчинд ээлтэй, амьдрахад таатай, хүртээмжтэй бүс болгон шинэчилж, хөгжүүлэхээр зорьж байна. Ингэхдээ гэр хорооллын одоо байгаа 6 бүсийг сайжруулж, хотын нэн шаардлагатай дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн байгууламж, нийтийн талбай бүхий дэд төвүүд болгох юм.

Гэр хороололд оршин суугчид, тэр дундаа эмзэг бүлгийнхэн олон арван жилийн турш хүнд нөхцөлд амьдарсаар ирсэн. Өвлийн улиралд гал түлэх, ус, түлээ нүүрсээ авах, гэр байшингаа халаах, ажилдаа очих гэж хол явдаг, хүүхдүүдээ сургуульд нь зөөх, цаашлаад мөстсөн овон товон замаар явж хүнс хоолоо цуглуулдаг Энэ нь иргэдийн амьдралд ачаалал нэмж, ажил, гэр бүл, эрүүл мэнддээ зарцуулах цагийг нь ихээр хомсолдог. 




Мөн агаар, орчны бохирдол, үерийн аюул, ажлын байрны хомсдол, ажилгүйдэл, аюул осол зэргийг тооцвол эдгээр нь гэр хороололд гарч буй гол сорилтын нэгээхэн хэсэг юм. Гэр хорооллын олон айл өрх орчин үеийн үйлчилгээ авч, тав тухтай амьдрахыг хүсдэг. Шаардлагад нийцсэн, хямд орон сууц санал болговол оршин суугчид байр, орон сууцанд шилжин суурьших хүсэлтэй байна. Түүнчлэн ихэнх оршин суугчид газар эзэмшиж байгаа нь тэдний хувьд маш том давуу тал юм. Цэвэр, бохир усны шугам, зам, кабель холбоос, харилцаа холбоо, цахилгаан, дулааны дэд бүтцийг бий болгосноор иргэдийн өмчилж буй газрын үнэлгээг өсгөж, ирээдүйд ашиглаж болохуйц хөрөнгийг бий болгож байгаа юм. Харин нөлөөлөлд өртсөн иргэдийн хувьд нөхөн олговор авах боломжтой. 


-Хөтөлбөрийн хүрээнд дэд бүтцийг шийдэхээс гадна нийгэм, эдийн засгийн байдлыг яаж өөрчлөх вэ?

-Нийтийн эзэмшлийн байгууламжуудыг барьж байгуулснаар гэр хорооллын бүсийг жинхэнэ дэд төв болгон хөгжүүлж, оршин суугчдын амьдралыг сайжруулах юм. Үүнд, цэцэрлэг, бизнес инкубатор, олон нийтийн төвүүд, спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн зэргээс гадна хүчирхийлэлд өртөгсдөд зориулсан хорогдох байр зэргийг байгуулж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран эдгээр дэд төвийг бид ажлын байр болон бусад үйл ажиллагааг бий болгох чадвартай эдийн засгийн төв болгох хүсэлтэй байгаа. Тухайлбал "Баянхошуу", "Сэлбэ" дэд төвүүдийн бизнес инкубаторт нэг цэгийн үйлчилгээ байгуулсан. Ингэснээр хотын захиргааны болон төрийн нийт 100 үйлчилгээг ойр орчмын оршин суугчдад хүргэж эхэлсэн. Иргэд энэ төрлийн үйлчилгээг авахын тулд заавал хотын төв орох шаардлагагүй болж, тэдний өдөр тутмын амьдрал, цаашлаад замын түгжрэл, агаарын бохирдолд ихээхэн эерэгээр нөлөөлж байна.


Гэр хороололд дэд бүтцийг өргөтгөхийн зэрэгцээ төслийн хүрээнд дамжуулах хоолойг шинэчлэн барьж, УСУГ-т хяналтын ухаалаг систем суурилуулж, шахуургын станцыг сайжруулж, одоо байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн үйлчилгээ, ус цэвэршүүлэх хүчин чадал, бүтцийн шинэчлэлд дэмжлэг үзүүлснээр хотын үйлчилгээний үйл ажиллагааг сайжруулж байгааг онцолж хэлье. Харж байгаачлан төсөл маань цогц байдлаар хэрэгжиж байгаа тул ил харагдах ажлууд бол ердөө мөсөн уулын орой төдий юм.

-Төслийн ажил Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд орсон уу? Ерөнхий төлөвлөлттэй хэр уялдаж байгаа вэ?

-Олон хүн энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж бодож байсан. Харин одоогийн байдлаар дэд төвүүд хотын ерөнхий төлөвлөгөөнд аль хэдийн орчихсон, дэд төвийг хөгжүүлэх нь гэр хорооллын бүсийг хөгжүүлэх гол стратегийн нэг болоод байна. Энэ төрлийн хөтөлбөр нь гэр хорооллын бүсийн гол асуудлыг олж харахаас гадна тэнд буй боломжуудыг олж нээхэд чухал байдаг. 


Хотын төвд амьдарч буй зарим хүмүүс гэр хорооллын хамрах хүрээ, амьдрах орчны талаар тун маруухан мэдлэгтэй байгааг сонсоод би заримдаа их гайхдаг. Энэ төрлийн суурьшлыг сайжруулж, шинэчлэх нь магадгүй хот төлөвлөлтийн хамгийн хүнд сорилтын нэг байх. Тиймдээ ч тулгарч буй бүхэнтэй нүүр тулж, шийдвэрлэхэд шаардлагатай хэрэгсэл, хүчин чадлыг хотын захиргаанд олгож, хөтөлбөрөөр дамжуулан бий болох нүүлгэн шилжүүлэлтэд гарч буй хүндрэл бэрхшээлийг давж гарах зөв механизмыг олж авах нь хамгаас чухал юм.



Энэ хөтөлбөр нь цор ганц шийдэл биш, харин олон арга шийдлийн нэг юм.


Асуудлын хэмжээ, цар хүрээнээс харахад олон төрлийн дэмжлэг, шийдэл шаардлагатай байгаа. Дэд бүтцэд холбогдоход ихээхэн хугацаа орно. Олон айл өрх байгаа бөгөөд тухайн нөхцөл байдалд нь нийцүүлсэн бусад шийдлүүд ч мөн хэрэг болно. Хөгжлийн түншүүд, Засгийн газар, иргэний нийгмийн болоод ТББ-уудын оролцоо үүнд нэн чухал.


-Хөтөлбөрийн I шатанд нийслэлийн хойд бүсийн гэр хорооллыг "Баянхошуу", "Сэлбэ" дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажлын явц ямар шатанд хэдэн хувьтай байна вэ?

-"Баянхошуу" болон "Сэлбэ" дэд төвд хийж буй хотын суурь дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн байгууламж бүхий бүтээн байгуулалт бараг дууссан. Хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор зэрэг олон үйлчилгээ аль хэдийнэ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Сургууль, захиргааны байгууллагууд, эрүүл мэндийн төвүүд болон орон сууцны барилгыг төвийн шугамтай холбох аргаар бохирдол ихээр ялгаруулдаг дулааны бойлерүүдийг халах ажил үргэлжилж байна. 


Хөтөлбөрийн II шатны хүрээнд хүүхдийн цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор зэргийг нэмж барина. Түүнчлэн бид нийгмийн харилцаа, олон нийтийн үйл ажиллагааг дэмжих, цаашлаад дэд төвүүдэд худалдаа, соёлын үйл ажиллагаа явуулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн талбай байгуулахаар ажиллаж байна.



Энэ завшааныг ашиглаад энэхүү хөтөлбөрт Засгийн газрын тууштай дэмжлэг хичнээн чухал гэдгийг би онцолж хэлмээр байна. Хөтөлбөр анх эхэлсэн цагаас хойш өөр өөр намын гурван Засгийн газар, хотын 5 дарга, Засаг даргын Тамгын газрын удирдлага солигдон ажилласан хэдий ч энэхүү хөтөлбөрийн ач холбогдол, хэрэгжилтэд үзүүлэх Засгийн газрын дэмжлэг хэвээр байсаар байгаа юм.

-Төслийн II дахь үе шат "Дэнжийн мянга", "Дамбадаржаа" дэд төвийн бүтээн байгуулалт хэдэн хувьтай яваа вэ? "COVID-19"-ийн цар тахлаас болж түр зогссон уу? Зогссон бол хэзээ үргэлжилж эхлэх вэ?

-Дээрх 2 дэд төвийн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа. Цар тахал болон төсвийн хөрөнгөөс болж явц нь удааширсан ч энэ зунаас үргэлжлүүлж, алдсан хугацаагаа нөхөж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Барилгын гол үйл ажиллагаа энэ жил болон ирэх жил явагдаж, 2023 онд дуусна.

Энэ бол яах аргагүй хүн бүрийн хувьд хүнд үе. Төслийн хувьд олон нийтэд ихээхэн хүлээлт үүсгэсэн байгаа байх. Гэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төсөл хэрэгжүүлэх нэгж, төслийн гэрээт компаниуд АХБ-ны хамтаар ихээхэн идэвх чармайлт гарган, өдөр шөнөгүй ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийг амжилттай дуусгаж чадна гэдгийг баттай хэлье.

-Хөтөлбөрийн хэрэгжилтийг АХБ хэрхэн яаж хянаж, гүйцэтгэл, үр дүнг яаж тооцож байна вэ? Энд зөрчил дутагдал, алдаа оноо хэр гарч байна? 

-АХБ-ны төслийн баг Засгийн газар, тэр дундаа Сангийн яам, БХБЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй өдөр бүр хамтран ажиллаж, төслийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлж байгаа. Байгаль орчин, нийгмийн хамгаалал, худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд, төслийн шинжээчид зэргээс бүрдсэн манай мэргэжлийн баг бүрэлдэхүүн  төслийн хэрэгжилтэд тогтмол зөвлөгөө өгч, тусалж, хяналт тавьж, АХБ-ны хамгааллын болон хяналтын журмуудыг мөрдүүлэн ажиллаж байна. 


АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт томилогдон ажиллаж буй хөтөлбөрийн менежерийн хувьд миний бие Суурин төлөөлөгчийн газрын хамт олныхоо дэмжлэгтэйгээр хөтөлбөрийнхөө хэрэгжилтэд бүрэн анхаарал тавьж ажилладаг. Мөн бид хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хэд хэдэн техникийн туслалцаа хэрэгжүүлсэн.

Энэ төрлийн төсөл нь хотын хөгжлийн хамгийн ярвигтай, хүнд төрөлд тооцогддог. Гэр хорооллын бүсийн өвөрмөц байдалд нийцсэн ямар нэг жишиг зураглал гэж үгүй. Ямар ч төрлийн асуудал, хэдийд ч үүсэх боломжтой. Энэ бүх төрлийн сорилтыг давж гарах зохистой шийдлийг боловсруулахад бид бэлэн байх шаардлагатай байдаг. Бид мөн нөлөөлөлд өртсөн иргэдэд тусалдаг ТББ-ууд, иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Ингэснээр олон нийтээс гомдол гарсан тохиолдолд засаж, залруулах боломжтой болдог.


-Хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа гарах үр дүнг иргэдэд хүргэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Орлогод нийцсэн "Ногоон орон сууц" гэр хороололд барихаар төсөл хэрэгжиж эхэлсэн байгаа. Энэ төслийг танай хөтөлбөрийн үргэлжлэл гэж ойлгож болох уу?

-Тиймээ, орлогод нийцсэн "Ногоон орон сууцны төсөл" нь гэр хорооллыг хөгжүүлэх нь хөтөлбөрийн үргэлжлэл болно гэж ойлгож болно. Төслийн гол зорилго нь иргэдийн орлогод нийцсэн, 10,000 айлын “ногоон” орон сууц барьж, гэр хорооллын 100 га талбайг нүүрсхүчлийн ялгаруулалт багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орлогын холимог бүрдэл бүхий оршин суугчидтай, эко дүүргүүд болгон хөгжүүлэх явдал юм. 


Эко дүүргийн блок тус бүрд түрээсийн орон сууц, хямд үнэтэй орон сууц болон зах зээлийн ханшаар борлуулах орон сууцыг хослуулан барина.


Тэдгээр нь ногоон байгууламж, худалдаа, арилжааны бүс, чөлөөт цаг өнгөрөөх талбай, үйлдвэрийн цех болон нийгмийн байгууламжуудыг багтаасан байх юм. Газар солилцох механизмаар буюу оршин суугчид өөрсдийн газраа тухайн байршил дахь орон сууцаар солих боломжтой байдлаар төслийг хэрэгжүүлнэ. 


"Ногоон орон сууцны төсөл" одоогоор хэрэгжилтийн эхний шатандаа яваа ч хоёр төслийн хооронд ихээхэн уялдаа холбоо бий болж, үр өгөөжөө үзүүлж эхлээд байгаа. Эхний хэсгийн эко дүүргийг ирэх онд барьж эхэлнэ гэж найдаж байна. Энэ бол урт хугацааны үйл явц. Эхний шатанд бид оршин суугчид, хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, хэлэлцэх шаардлагатай. Энд мэдээж цаг хугацаа орно. 

Холбоотой мэдээ