Ц.Батзориг: Сонгуулийн бэлтгэл ажил хуульд заасан хугацааны дагуу явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-23 11:33:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ирэх зургадугаар сард улс орон даяар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны дарга Ц.Батзоригтой уулзан Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан цаг хугацааны төлөвлөгөөт ажлуудыг хэрхэн хийж байгааг тодрууллаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах Сонгуулийн хороог байгууллаа. Бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу Сонгуулийн Ерөнхий хорооны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор аймгийн Сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуульд аймгийн Сонгуулийн хорооны даргаар тухайн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ажиллахыг заасан байдаг. Үүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Батзориг миний бие даргаар, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Д.Ганзоригийг нарийн бичгийн даргаар, гишүүдэд: Цагдаагийн газрын дарга Н.Эрдэнэ-Очир, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Г.Чүлтэмжамц, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Алтайбаатар, Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Сумъяабазар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Эрдэнэбат, Есөнбулаг сумын гуравдугаар дугаар сургуулийн Сургалтын менежер П.Батболд нарыг томилсон. Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрээр аймгийн Сонгуулийн хорооны дэргэд ажиллах Мэдээлэл технологийн багийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

-Сумдын сонгуулийн хороог байгуулсан уу? Сонгууль зохион байгуулах хүний нөөцийн хувьд ямар байгаа вэ? 

-Аймгийн Сонгуулийн хорооны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар сумдын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан сумдын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг байгуулж, сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын талаар үүрэг чиглэл өглөө. Ер нь Сонгуулийн хороонд ажиллаж байгаа гишүүд өмнө нь сонгууль зохион байгуулж байсан туршлагатай төрийн алба хаагчид. Өөрөөр хэлбэл Сонгуулийн Ерөнхий хорооноос 2021 онд зохион байгуулсан сургалтад хамрагдаж, шалгалт өгөн тэнцэж, гэрчилгээ авсан болон 2020 онд гэрчилгээ авч, нөөцөд байгаа албан хаагчдыг тодорхой шалгуурыг үндэслэн томилсон. Аймгийн хэмжээнд сонгуулийн хороо, хэсгийн хороодод ажиллах хүний нөөц боломжийн түвшинд байгаа.

-Аймгийн СХ одоогоор ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна, цаг үеийн мэдээлэл өгвөл?

Аймгийн Сонгуулийн хороо байгуулагдсанаасаа хойш хоёр удаа хуралдсан. Эдгээр хуралдаанаар хуульд заасанчлан сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө батлах, аймгийн Сонгуулийн хороо, Мэдээлэл технологийн баг байрлан үйл ажиллагаа явуулах байрыг шийдэх, түүнчлэн сумдын Сонгуулийн хорооны үндсэн бүрэлдэхүүнээс гадна нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтныг томилох гэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн Сонгуулийн Ерөнхий хорооноос ирсэн чиглэлийг орон нутгийн удирдлагуудад танилцуулах, улмаар өмнөх сонгуульд ашиглаж байсан аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороодын тамга тэмдгийг хүлээж авах, зардлын данс нээх, ашиглах зөвшөөрлийг нь авах, сумдын сонгуулийн хороонд эхний шатны санхүүжилтийг хуваарилах гэх мэт тодорхой ажлуудыг зохион байгуулаад байна. 

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг цар тахлын үед зохион байгуулна гэдгээрээ нарийн дэг журмын дор явагдах нь гарцаагүй. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг ханган ажиллахад хүндрэл бэрхшээл тулгарч байна уу?

-Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлын үед болно. Аймгийн сонгуулийн хороо сонгуулийг хуулийн хүрээнд мөн Улсын болон аймгийн онцгой комиссоос гаргаж байгаа шийдвэрт нийцүүлж хэрхэн зохион байгуулах талаар арга хэмжээнүүдийг тухай бүр хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөөд байна. Мөн цар тахлын үед энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа учраас сумдын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, тэднийг чадавхжуулах, нэгдсэн зааварчилгаагаар ханган ажиллахаар төлөвлөөд байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.


Холбоотой мэдээ