"Спутник V” вакцины хоёр дахь ээлжийг энэ долоо хоногт авч ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-04-22 18:34:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд төрсөн өдрийг нь тохиолдуулан элэгсэг дотно мэндчилгээ хүргүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарт талархаж, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн ирүүлсэн цахилгааныг Элчин сайд И.К.Азизов гардуулан өглөө.


Тэрбээр, "Энэ онд ОХУ, Монгол Улсын хооронд найрамдал, хамтын ажиллагааны Гэрээ байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгын дагуу хатагтай В.И.Матвиенко Монгол Улсад айлчлах асуудал үндсэндээ шийдэгдсэн, хугацааг товлохоор хүлээж байна. Монголын “Эм импекс” компанитай хийсэн гэрээний дагуу коронавируст халдвараас сэргийлэх 10 мянган тун “Спутник V” вакцин өмнө нийлүүлсэн бөгөөд хоёр дахь ээлж нь энэ 7 хоногт багтаж ирнэ. Эрүүл мэндийн яамны шугамаар нийлүүлэх вакцины нийлүүлэлтийн хугацаа, графикийг нарийвчлан, тодорхой болгох шаардлагатай байна" гэдгийг онцоллоо. Түүнчлэн ОХУ-аас Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил дуусаж, төсөл үр дүнтэй болох нь урьдчилсан байдлаар тодорхой болж байгаад баяртай байна гэв. Элчин сайд И.К.Азизов үргэлжлүүлэн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, төмөр замын зарим асуудал, хоёр орны хооронд байгуулахаар төлөвлөж буй “Нийгмийн хамгааллын тухай” гэрээний талаар саналаа хэллээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын төр, засаг иргэдээ коронавируст халдвараас сэргийлэх вакцинжуулалтыг шуурхай, амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд халдвар авсан хүний тоо эрс цөөрч буйд хөрш орны хувьд бид баяртай байна гээд, Монголд ирүүлэх вакцины нийлүүлэлт, хийн хоолойн төслийн талаар сайхан мэдээ дуулгаж байгаад талархал илэрхийлье гэв.


Тэрбээр, "ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевийн дэвшүүлсэн Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах санаачилгыг бүрэн дэмжиж байна. Энэ механизм хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллагууд харилцан туршлага солилцох, парламентын хамтын ажиллагаа бэхжин хөгжих шинэ алхам болно гэдэгт найдаж байна" хэмээлээ.


Түүнчлэн вакцины нийлүүлэлтэд онцгой анхаарал хандуулахыг ноён Элчин сайд И.К.Азизовоос хүсээд, түүний хөндсөн асуудлуудыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран, ойрын үед шийдвэрлэх болно гэв.

Холбоотой мэдээ