Цэргийн төв эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат хандивлав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
dusem11@yahoo.com
2021-04-23 10:35:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад “КОВИД-19” цар тахлын халдвар илэрсэн цагаас өндөр ачаалалтай ажиллаж байгаа Цэргийн төв эмнэлгийн хамт олонд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн бие бүрэлдэхүүнээс хандив хүргүүлэв.


Цар тахлын тэргүүн шугамд ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсож байгаа Цэргийн төв эмнэлгийн хамт олонд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян зохион байгуулж, сэтгэлийн хандив болгон “YUWELL 9F-3AW” загварын 5 литрийн зөөврийн хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 10 литрийн хүчилтөрөгчийн 2 баллоны хамт тус ангийн захирагч Д.Шатаррагчаа гардуулж, талархал илэрхийлсэн юм.


Тэрбээр, “Цар тахлын хүнд нөхцөлд хоёргүй сэтгэлээр ажиллаж буй хос тангарагтай алба хаагчид болон арын албанд сэтгэл зүйгээр дэмжиж байдаг гэр бүлд тань эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. “Ковид-19” өвчнөөр халдварласан иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, хүндрэлийг багасгахад уг төхөөрөмж тус болно гэдэгт итгэж байна. Хамтдаа хичээж, хамтдаа даван туулъя” гэв.

Холбоотой мэдээ