Израил, Бахрейн вакцины паспортoo харилцан зөвшөөрөх гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-04-23 11:26:54

ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израил, Бахрейн вакцинжуулалтын паспортыг харилцан зөвшөөрөх гэрээг пүрэв гарагт байгууллаа гэж Израилын Гадаад хэргийн яам мэдээлжээ.


Гэрээний дагуу хоёр орны жуулчдын эх орондоо авсан вакцинжуулалтын гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх юм. Гадаад хэргийн яамны мэдээлснээр, вакцин хийлгэсэн жуулчид тусгаарлагдах шаардлагагүй ажээ.


“Энэхүү шийдвэр нь аялал жуулчлалын салбарыг дэмжиж, хоёр орны эдийн засгийг сэргээхээс гадна коронавирусний эсрэг хамтын тэмцэлд хувь нэмрээ оруулна” гэж Гадаад хэргийн сайд Габи Ашкенази “Twitter” хуудсандаа нийтэлжээ.


Өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын зуучилсан харилцаагаа хэвийн болгох гэрээнд гарын үсэг зурсан Израил, Бахрейн ийнхүү гэрээ байгуулсан нь хамтын ажиллагаа нь өргөжиж буйг харуулж байна.


Нийт хүн амынхаа тэн хагасаас илүү хувийг бүрэн вакцинжуулаад буй Израил нь олон чиглэлд нислэгээ сэргээж, аялал жуулчлалын салбараа дэмжихийг зорьж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ