Эрдэнэбулган суманд тэг зогсолт хийж, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-26 12:33:23

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 15 тохиолдол /Эрдэнэбулганд 6, Цэнхэрт 9/ шинжилгээгээр, нэг тохиолдол зөөвөрлөгдсөн. 

Зөөвөрлөгдөн ирсэн 1 тохиолдлын хувьд PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй гараад хулгайн замаар явганаар пост нэвтэрч Хотонт суманд ирсэн байна. Цэнхэр сумын 9 тохиолдлын хувьд буяны ажилд оролцсон иргэдээс, Эрдэнэбулган сумын хувьд шинээр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас авсан шинжилгээнд 6 хүнээс батлагдлаа. Ингээд шинээр дахин 2 сум тэг зогсолт хийн, тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Шаардлагатай тохиолдолд Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу шалган нэвтрүүлж байгаа ч ногоон бүс сумдад халдвар алдахгүй байх нь чухал. Иймд дахин дахин нягталж хөл хорионы дэглэмийг мэргэжлийн байгууллагын хүсэлт шаардлагын дагуу сунган, тодорхой арга хэмжээ аван ажиллаж байгаа тухай мэдээллээ. 


Сүүлийн 24 цагт 25 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Нийт батлагдсан тохиолдлын 84 хувь буюу эмнэлгээс гарсан 237 хүн бүрэн эдгээд байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 37 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 23, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 8, Хайрхан сумын эмнэлэгт 2, Чулуут суманд 4 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 34, хүндэвтэр 3, хүнд иргэн байхгүй байна. 

- Өнгөрсөн 7 хоногт бүх нийтийн халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөсөн байсан боловч цаг агаарын нөхцөл байдлаас хамааран 4 дүгээр сарын 29-ний 06.00 цагаас 5 дугаар сарын 3-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд Эрдэнэбулган суманд тэг зогсолт хийж, гадаа талбайн халдваргүйжүүлэлт хийхээр болжээ. Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр, худалдааны төв, эмийн сан, банк, шатахуун түгээх станц, иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтооно. 


-Аймгийн хэмжээнд вакцинжуулалтын хоёр дахь ээлжийг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлээс коронавирусний эсрэг 10,000 хүн тун вакцин татан авчирсан. Үүнээс эхний ээлжинд голомтод ажиллаж буй 4,000 хүний давтан тунг, үлдсэн 6,000 тунг архаг суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, газар тариалан, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, банк, нотариатын ажилтнууд болон зорилтот бүлгийн иргэдийг эхний тунд хамруулахаар боллоо.


- Аймаг сум, хот хооронд зорчих хөдөлгөөнд зөвхөн тусгай шаардлагаар PCR шинжилгээг үндэслэн Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлийн бичгээр шалган нэвтрүүлнэ. Тусгай шаардлагад 

-эмнэлгийн зайлшгүй тусламж, 

-оршуулгын ажилд оролцох,

-газар тариалан, 

-хүнс, түлээ түлш, өвс, тэжээл, ачаа тээврийн хөдөлгөөн зэрэг багтана. 

Холбоотой мэдээ