Турк хатуу хөл хорио тогтооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-27 14:59:10

АНКАРА. /Anadolu/. Цар тахлын нөхцөл байдал даамжирч буйтай холбогдуулан 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 17-ны хооронд хөл хорио тогтооно хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Засгийн газрын хуралдааны дараа мэдэгджээ.


“Дотоод хэргийн яамнаас гаргасан удирдамжид дурдагдсан албан байгууллагуудаас бусад нь үйл ажиллагаа явуулахгүй. Шинэ хязгаарлалтын дагуу зөвхөн зөвшөөрөлтэй хүмүүс хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцох боломжтой бөгөөд нийтийн тээврийн хөдөлгөөнийг 50 хувиар хязгаарлана” гэж тэрбээр хэллээ.


Халдварт өвчний өдөрт илрэх тохиолдлыг таван мянгад хүргэж бууруулах зорилгоор ийм арга хэмжээг авч буйг Т.Эрдоган цохон тэмдэглэжээ.


Хөл хорионы үеэр цэцэрлэг, сургуулиудыг мөн хааж, зайнаас хичээллэх горимд шилжүүлэх аж. Түүнчлэн оройн цагаар хэрэгжиж буй хөл хориог хэвээр нь үлдээжээ. Үүнээс гадна ням гаргуудад худалдааны төвүүд хаагдаж бусад өдөр зөвхөн тодорхой цагаар үйл ажиллагаагаа явуулах юм байна.


Нөхцөл байдлыг богино хугацаанд хяналтандаа авахын тулд дүрэм журмыг ягштал мөрдөхийг Туркийн Төрийн тэргүүн ард түмэндээ уриалжээ. “Халдварын тохиолдлыг бууруулахгүй бол аялал жуулчлал, худалдаа, боловсрол зэрэг бүхий л салбарт үр дагавар учрах болно” гэдгийг тэрбээр анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ