АХБ: Монгол Улсын эдийн засаг 2021 онд алгуур сэргэх төлөвтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-28 16:43:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкнаас жил бүр гаргадаг Азийн хөгжлийн төлөв эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн энэ жилийн тайланд Монгол Улсын эдийн засаг 2020 оны 5,3 хувийн огцом агшилтаас сэргэж, энэ онд 4,8 хувиар нэмэгдэнэ гэж тэмдэглэжээ.


Түүнчлэн, дотоод эрэлт, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн зээл өсөж, сэргэлт эдийн засгийн салбарыг бүрэн хамарснаар 2022 онд 5,7 хувиар өснө гэж төсөөлжээ.  


Гадаад худалдааны нөхцөл таатай байж, экспортын эрэлт нэмэгдсэнээр манай улсын эдийн засаг энэ онд алгуур сэргэж, цар тахлын эрсдэл багасахын зэрэгцээ дэлхийн эдийн засаг сэргэснээр эдийн засгийн өсөлт ирэх онд хурдсах хандлагатайг Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас танилцуулсан тайланд дурдсан байна.


Монгол Улсын эдийн засгийн 2021-2022 оны өсөлтийн төлөв нь цар тахлын нөхцөл байдал, БНХАУ-ын эдийн засгийн сэргэлтийн хурд, эрдэс түүхий эдийн экспортын өсөлт, хөрөнгө оруулалтын орчин, хувийн хэвшлийн зээлийн өсөлтөөс ихээхэн хамаарна.


Нийт хүн амын 60 хувийг вакцинжуулах хүртэл эрүүл мэндийн эрсдэл нь дотоод эрэлт, бизнесийн итгэлд дарамт үүсгэсэн хэвээр байна. Ингэснээр уул уурхайн бус салбарт сэргэлт тэнцвэртэй бус байхаар аж. Харин 2022 онд цар тахлын эрсдэл багасахын хэрээр бизнесийн хүлээлт, эдийн засгийн хандлага илүү сайжрах төлөвтэй гэжээ.  


АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлэхдээ, “Монголын эдийн засаг өнгөрсөн гурван жилд тогтвортой өссөн ч цар тахлын нөлөөгөөр 2020 онд аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт багасаж, ДНБ сүүлийн 11 жилд анх удаа агшлаа. Үүнээс болж иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн хамгааллын үйл ажиллагаа хэрэгжүүлэх, ажлын байрыг хамгаалж ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хариу арга хэмжээ яаралтай авах шаардлагатай болсон. Энэ хүнд үед Монгол Улсын иргэдийн эрүүл мэндэд учрах аюулыг багасгахын тулд цар тахлын менежментийг үр дүнтэй хэрэгжүүлж, вакцины хангамж, нийлүүлэлтийг яаралтай баталгаажуулах шаардлагатай. Мөн Монгол Улс цар тахлын дараах эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалахын тулд бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, улсын төсвийн болон өрийн үзүүлэлтийг сайжруулж тэнцвэртэй байдлыг нь хангах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь чухал” хэмээв.


Эдийн засаг сэргэж эрэлт өсөх, түлш шатахууны үнэ нэмэгдэх, валютын ханшийн нөлөө импортын барааны үнэд шингэхтэй уялдан, дундаж инфляци 2021 онд 6,9, 2022 онд 8,5 хувь болж өсөн, дунд хугацааны зорилтот 6 хувийн түвшнээс хэтрэх эрсдэлтэй байна.   


Уул уурхайн сэргэлтийн нөлөөгөөр машин механизм, тоног төхөөрөмжийн импорт өсөх, гадаад зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр түлш, шатахууны импорт нэмэгдэх, дотоод эрэлтийн нөлөөгөөр бараа, үйлчилгээний импорт өсөхтэй холбоотойгоор урсгал тэнцлийн алдагдал энэ онд ДНБ-ий 8,3, 2022 онд 10,7 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч өсөхөөр байгааг төсөөлжээ.



Холбоотой мэдээ