Яагаад "цээж бичиг" гэдэг вэ?

ЛАВЛАГАА
khandmaa@montsame.gov.mn
2021-04-29 18:24:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ярианы хэлэнд “цээж”, “чээж” гэж хоёр янзаар дууддаг энэ үгийг “цээж” гэж бичихээр журамласан. Монгол Улсад буй дөрвөн гол аман аялгууны нэг ойрд аялгуунд “чээж” гэж ярьдаг ч, утга зохиолын хэлний суурь халх аман аялгуунд “цээж” гэж зонхилон хэлдэг зүй тогтлыг харгалзан ийнхүү тогтжээ.


Хүний бие эрхтнийг нэрлэсэн "цээж" гэдэг  үг яагаад "цээжлэх", "цээж бичиг", "цээжээр бодох" гэх зэрэг хэлц үгэнд хэрэглэгддэг нь мөн л олон хүний сонирхлыг татдаг байх. Тэгвэл энэ нь монголчууд оюун ухааны холбогдолтой юмыг цээжтэй холбодог сэтгэлгээний онцлогтой байсныг илтгэдэг. Тухайлбал, “Монголын нууц товчоон”-д “Тэмүжин минь цээж эрдэмт, Хасар минь хав хүч эрдэмт тул ...” гэж өгүүлдэг билээ.


Үзсэн сонссоноо мартахгүй тогтоох чадвар шалгахыг “цээж бичиг”, оюун ухаан хурц, хурдан тогтоодог хүнийг “цээж сайтай”, бичихгүйгээр тоо бодохыг "цээжээр бодох", ухаан санаа уужрахыг “цээж онгойх”, сэтгэлийн зовлон арилахыг “цээж тэнийх” гэх мэтээр ярьж хэлэлцдэг.

Холбоотой мэдээ