Их Британид 50 сая тун вакцин хэрэглэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЛОНДОН. /TASS/. Их Британид коронавируст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 50 сая гаруй хүн хийлгэжээ. Тус улсын Засгийн газрын цахим хуудаст даваа гарагт нийтлэгдсэн мэдээллээр, 34.59 сая хүн вакцины эхний тунг, 15.5 сая хүн хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байна.
“Улс орны хувьд асар том амжилт. Вакцинжуулалт нь хүний амь насыг аварч, хэвийн амьдралдаа эргэн ороход тусална” гэж Их Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок твиттер хуудастаа бичээд вакцин хийлгэх боломжтой бүх хүнд вакциндаа хамрагдахыг уриалжээ.
Их Британид өнгөрсөн оны 12 дугаар сард вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хүн амынх нь /67 сая/ талаас илүү хувь нь вакцин хийлгэжээ. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр халдварын тархалт эрс багассан байна. Даваа гарагт Их Британид "COVID-19"-ийн халдвар авсан хүмүүсийн дунд нас барсан ганцхан тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн долоо хоногт өдөрт халдварын 2000 орчим шинэ тохиолдол илэрсэн бөгөөд энэ тоо буурсаар байна.
Тавдугаар сарын 17-ноос эхлэн өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш хэрэгжиж байгаа хэд хэдэн хязгаарлалтыг цуцлах төлөвтэй байна. Тавдугаар сарын дунд үеэс Засгийн газар зарим улс руу жуулчлахыг зөвшөөрөх гэж байгаа бөгөөд аялж болох орнуудын жагсаалтыг гаргаж байна гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон даваа гарагт мэдэгджээ.
Тавдугаар сарын 17-ноос паб, ресторан, кино театр, зочид буудал, музейн ажлыг бүрэн сэргээхээр төлөвлөж байна. Хөгжөөн дэмжигчид спортын арга хэмжээнд оролцох боломжтой болно. Зургадугаар сарын 21-нээс олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрнө. Энэ үе шатанд театрууд, концертын танхимууд, шөнийн цэнгээний газруудыг нээхээр төлөвлөжээ.