Н.Энхбаяр: "Мянганы төмөр зам" тавих төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-04 12:05:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын Бага чуулган өчигдөр хуралдаж 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас  нэр дэвшигч, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжин оролцохоор шийдвэрлэсэн тухай тус намын удирдлагууд өнөөдөр мэдээлэв. 


"МАН, МАХН цаашид зорилгоо нэгтгэж нэг нам болохоор зөвшилцсөн. Энэ хүрээнд намын анхан шатны гишүүдийн дунд явуулсан хэлэлцүүлгээр, 90.9 хувь нь хоёр намыг нэгдэн нийлэхийг дэмжсэн. Тиймээс Их чуулганыг хуралдуулж, хоёр нам нэгдэх шийдвэрийг баталгаажуулна" хэмээн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга мэдээллийн үеэр онцлов. 


Бага чуулганы хуралдаанаар, МАХН-ын ээлжит бус Их чуулганыг 2021 оны тавдугаар сарын 16-ны 11.40 цагт хуралдуулахаар товложээ. Тус чуулганаар хоёр нам нэгдэн нийлэх шийдвэрийг албан ёсоор баталгаажуулах аж. 


МАХН-ын дарга Н.Энхбаяр, "Нэгэнтээ МАН-тай нэгдэн нийлж байгаа тул энэ удаагийн сонгуульд улс төрийн соёл үзүүлж, ард түмнийхээ эв нэгдлийг бодолцож, төрийн тэргүүний сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээр шийдвэрлэлээ. МАН, МАХН-ын нэгдэн нийлэх асуудал нь гэрээнд тулгуурласан. Энэхүү гэрээнд өнгөрсөн сарын 29-нд гарын үсэг зурж баталгаажуулсан. Олон жилийн турш нэг угшил гаралтай, үзэл баримтлалтай хоёр намыг нэгдэн нийлэх, сонгуульд эвсэж оролцох талаар хүмүүс ярьж байсан. Тиймээс олон талаас нь судлах нь зүй гэж үзсэн. Энэ бол хэдэн дарга нарын шийдэх асуудал биш. Жирийн гишүүд дэмжвэл хоёр намыг нэгтгэх асуудлыг цааш явуулъя гэж тохирсон. Энэ хүрээнд хоёр намын ажлын баг гаргаж, хамтарсан уриалга гаргасан бөгөөд намын гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулсан. Гишүүд тэрхүү уриалгыг дэмжсэн тул хоёр нам нэгдэн нийлэх гэрээ байгуулсан" хэмээлээ.


Мөн энэхүү гэрээнд, цаашид хамтран ажиллах талаарх 10 том сэдэв тусгасан гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээллийн үеэр дурдав. Тухайлбал, Шинэ Үндсэн хуультай болж, төрийн гаж тогтолцоог залруулах, байгалийн баялгийг ард түмний өмч болгох ёстой гэж үзэж байгааг дуулгав. Мөн нийгмийн чиг баримжаатай Бүгд Найрамдах улсыг байгуулахаар зорино гэлээ. Ингэснээр, залуус боловсролтой, нарийн мэргэжилтэй болохоос гадна төрөөс иргэдийн эрүүл мэндийн асуудалд оролцдог болно гэдгийг тодотгов. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн тухай ойлголтыг өөрчилж, цалин авахаас гадна тухайн байгууллагаасаа ногдол ашиг авдаг бололцоо бүрдэнэ хэмээлээ. 


Шударга шүүхийг тогтоох, улс төрийн намын хуулийг өөрчлөхийг зорьж байгаа гэв. Мөн дэд бүтцийн асуудлыг шийдэх хүрээнд, мянганы төмөр зам тавих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснийг онцоллоо.

Холбоотой мэдээ