Төрийн алба хаагчдын 47,4 хувь нь үндэсний бичгээ дундаас дээш түвшинд мэднэ гэж хариулжээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-04 12:57:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгааг Хэлний бодлогын Үндэсний зөвлөлтэй хамтран энэ оны 4 дүгээр сард явуулжээ. Судалгааны урьдчилсан дүнг өнөөдөр танилцууллаа.


ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалын танилцуулснаар, цахим судалгааг энэ оны 4 дүгээр сарын 5-наас эхэлж 160 гаруй мянган албан хаагчийг хамруулсан байна. 


Судалгаанд хамрагдсан төрийн алба хаагчдын 53.7 хувь нь албан хэргээ үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд "бэлэн" гэсэн бол, 46.3 хувь нь "бэлэн биш" гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан нийт төрийн албан хаагчдын 72.9 хувь нь үндэсний бичгийг зохих хэмжээнд мэддэг гэсэн байна. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдагсдын 5.2 хувь нь монгол бичгийн мэдлэгээ "маш сайн" гэж үнэлсэн бол, 13.5 хувь нь "сайн", 28.7 хувь нь "дунд зэрэг", 27.2 хувь нь "мэдэхгүй", 25.5 хувь нь "бага зэрэг" гэж хариулсан байна.


Үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаанд хамрагдсан албан хаагчдыг төрийн албаны ангиллаар харвал 79 хувь нь төрийн үйлчилгээний, 13.3 хувь нь төрийн захиргааны, 4.9 хувь нь улс төрийн, 2.8 хувь нь төрийн тусгай алба хаагчид байна. Харин үндэсний бичгийн мэдлэг маш сайн алба хаагчдыг салбараар харвал, хамгийн өндөр буюу 68.6 хувь нь боловсрол, 11.0 хувь нь төрийн удирдлага, батлан хамгаалах салбар, 5 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн, 9,4 хувь нь бусад салбарт харьяалагдаж байна.


Жилийн эцсийн хүн амын тооллогоор манай улсад төрийн 205 мянган албан хаагч байгаагаас нийслэл, аймаг, дүүрэг, суманд ажиллаж буй 160 мянган албан хаагчийг хамруулж, үлдэх 45 мянган алба хаагч нь тусгай алба хаагч нар учир нууцлалыг хангах үүднээс судалгаанд хамруулаагүй байна. Судалгаа, мэдээллийг үүгээр хязгаарлахгүй дахин нягтлан тодруулах ажлыг үргэлжлүүлнэ гэдгээ ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал мэдэгдлээ. 


Бичиг үсгийн баярын өдрийг жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн ням гарагт тэмдэглэдэг уламжлалын дагуу энэ өдрийг угтан дээрх судалгааг танилцуулж буйг тэрээр тодотгов. Судалгааны танилцуулгад Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн дарга, ардын багш С.Дулам болон тус зөвлөлийн гишүүн, ардын багш Ц.Өнөрбаян нар оролцлоо. 


Холбоотой мэдээ