Уурхайчид вакцинжуулалтын хоёр дахь тунд хамрагдаж эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-04 17:09:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уурхайчдыг дархлаажуулах хүрээнд вакцинжуулалтын хоёр дахь тунг хийх ажил Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайн ажилчдаас өчигдөр эхлэв. 

УУХҮЯ-ны мэдээгээр "COVID-19"-ийн халдварын эсрэг дархлаажуулалтын эхний тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилчид хамрагдаад байгаа юм. Тэгвэл одоо хоёр дахь тунд хамруулах ажил ийнхүү эхэллээ. Вакцинжуулалтыг Зэвсэгт хүчний Жанжин штабын явуулын баг хийж байна. Тус баг дархлаажуулалтыг 3 чиглэлд хийхээс 1 дүгээр баг 5 дугаар сарын 2-нд, 2 ба 3 дугаар баг 5 дугаар сарын 4-нд дээрх Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны чиглэлийн уурхайнуудад эхлүүлж байна. Чиглэл бүрд эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн 1 машин вакциныг тээвэрлэж түргэний 3 машиныг ЗХЖШ-аас гаргаж байна. Дээрх уурхайн ажилчдыг дархлаажуулалтанд хамруулсны дараа бусад чиглэлийн уурхайн ажилчдад вакцин хийх ажил үргэлжилнэ.



Түүнчилэн "Багануур" ХК-иас уул уурхайн салбарын ажилчид, уурхайчдаа вакцинжуулалтад бүрэн хамрагдахыг уриаллаа. Тус компанийн ажилчид 3 дугаар сарын 10-12-нд "AstraZeneca" вакцины эхний тун, 4 дүгээр сарын 29-30-нд 2 дахь тунг хийлгэж, нийт ажилтан ажилчдын 96.8 хувь дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна. Тус компаниас салбарын байгууллага ААН-үүддээ үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн, найдвартай явуулахын тулд ажилтнуудаа дархлаажуулалтад бүрэн хамруулж улс орныхоо эдийн засгийг хамгаалах, сэргээх чиглэлд манлайлан ажиллахыг уриалж байна. 


Холбоотой мэдээ