НДШ-ийн хувь хэмжээг бууруулахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-05 14:31:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Худалдааны танхимаас Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах талаар УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлжээ.


Шаардлагад, “COVID-19 цар тахлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар агшиж, ҮСХ-оос хийсэн судалгаагаар бизнес эрхлэгчдийн 94 хувийнх нь борлуулалтын орлого буурч, 70 орчим хувь нь санхүүгийн хүндрэл, тэр дундаа ажилчдынхаа цалин, НДШ-ийг төлөхөд хүндрэлтэй болоод буйг дурдаад, үүнээс шалтгаалан үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болсон (3 удаагийн судалгаагаар энэ тоо өссөөр байсан) байна.

Гэтэл УИХ-ын 2019 оны 12 дугаар сард баталсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль”-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу НДШ-ийн хувь хэмжээ 26 хувь болж нэмэгдсэн ба энэ заалт одоо 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Энэ хүнд цаг үед НДШ-ийн өсөлт нь ажилтан, ажил олгогчид ирэх санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлж, ажлын байр цөөрөх, ажилтнуудын цалингийн хэмжээ буурах, өр зээлийн хэмжээ нэмэгдэх, татвар, нийгмийн даатгалын орлого тасалдах, төсвийн алдагдал нэмэгдэх ноцтой эрсдэлүүдийг бий болгоно гэж үзэж байна. Иймд ажил олгогчид бид дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаардаж байна гэжээ. Үүнд:

  • Ажил олгогчийн төлөх НДШ-ийн хувь хэмжээг энэ оны 5 дугаар сарын дотор багтаан 2-3 хувиар бууруулах,
  • Нийгмийн даатгалын сангийн дэд сан болох Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллуулдаг болгох эрх зүйн орчныг бий болгож, хөгжүүлэх ажлыг яаралтай эхлүүлэх,
  • Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж шимтгэл төлөгчдөд нийгмийн баталгаагаа сайжруулах бусад сонголтыг бий болгох.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед бусад улс орнууд НДШ-ийн хувь хэмжээг нэмэх бус чөлөөлөх, хөнгөлөх, түр бууруулах арга хэмжээ авч байна. Иймд ажил олгогчид бидний шаардлагыг судлан үзэж хариу өгнө гэдэгт итгэж байна гэжээ

 

Холбоотой мэдээ