“Moderna” эсрэг биетийн түвшинг нэмэгдүүлэх аргыг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-06 12:24:43

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний вакцинд нь бүрэн хамрагдсаны дараа гурав дахь тунг хийлгэснээр Өмнөд Африкийн болон Бразилын хувилбарын эсрэг биетийн түвшин нэмэгдэхэд нөлөөлж байна гэж “Moderna” компанийн цахим хуудсанд мэдээлжээ.


Судалгаанд хэрэглээнд нэвтэрсэн вакцин болон Өмнөд Африкийн хувилбартай тэмцэхэд зориулж гарган авсан туршилтын вакциныг ашигласан бөгөөд “Moderna” компанийн вакцинаас өмнө нь хоёр тунг хийлгэсэн 40 хүн оролцсон байна. 


“Туршилтын хоёр дахь үе шатны урьдчилсан мэдээллийг компани нийтэлжээ. Өмнө нь вакциндаа бүрэн хамрагдсан хүнд хэрэглээнд нэвтэрсэн вакцин эсвэл туршилтын вакцинаас дахин нэг тунг хийхэд коронавирусний төдийгүй шинэ төрлийн Өмнөд Африкийн, Бразилын хувилбарын эсрэг биетийн 
концентраци нэмэгдэж буйг судалгаа харуулсан” хэмээн мэдэгдэлд дурдав.


Үүнээс гадна Өмнөд Африкийн хувилбартай тэмцэхэд зориулж тусгайлан гарган авсан вакцин нь энгийнээсээ илүү үр дүнтэй байна гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ.


Коронавирусний Өмнөд Африкийн хувилбараар халдварласан анхны тохиолдол өнгөрсөн оны 10 дугаар сард илэрчээ. Энэ хувилбар нь илүү хурдан халдварладаг бөгөөд халдварын болон нас барсан тохиолдол нэмэгдэхэд хүргэсэн юм. Харин Бразилын хувилбараар халдварласан анхны тохиолдол 2020 оны 12 дугаар сарын эцсээр илэрчээ.



Холбоотой мэдээ