Улаангом 31 мянган хүн амтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-20 14:51:15

Увс аймгийн төв Улаангом хотын хүн амын тоо 25 мянга гаруй  байна гэсэн статистик мэдээ байдаг.  Тэгвэл энэ тоо өсч, 30 гаруй мянган хүн амтай болжээ.

Улаангомд ороод ирчихсэн, хөдөө сумын маш олон өрх байдаг аж. Зөвхөн 6-р баг дээр гэхэд Түргэн сумын 90 гаруй айл байна. Мөн Наранбулаг, Тэс сумын айлууд Улаангомын 12 баг тус бүр дээр байгаа аж. Иймээс Улаангом сумын ЗДТГ-аас өөр сумын нутаг дэвсгэр дээр амьдарч буй Улаангомынхоо иргэдийг тухайн сумдад шилжүүлэн өгч, оронд нь аймгийн төвд амьдарч байгаа өөр сумын иргэдийг өөртөө шилжүүлж аваад байна. Ингэснээр бүртгэл, суурьшлын асуудал нэг тийш нь болжээ.

Улаангом 4 өрхийн эрүүл мэндийн төвтэй бөгөөд эмнэлгийн анхан шатны тусламж авах гэхээр эмнэлгүүд нь байнга иргэдийн дараалалд дараастай байдаг юм. Одоо хүн амын тоо өссөн тул дахиад нэг өрхийн эмнэлэг барих боломжтой болжээ.

“Улаангомын үндсэн иргэн Өрхийн эмнэлэг дээр дугаарлаад үзүүлж чадахгүй байхад өмнүүр нь өөр сумын хүмүүс ирээд үйлчлүүлдэг. Цэцэрлэгт хүүхдээ оруулахад ч мөн адил байдаг. Энэчлэн төрийн бүх байгууллагад хүндрэл учирдаг байсан. Гэхдээ одоо Улаангомын хүн амын тоо өссөн тул төрийн үйлчилгээний анхан шатны байгууллагууд нэмж баригдах боломжтой” хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ