Д.Оюунбилэг: Үр, хойчдоо үлдээх өв, хөрөнгө бол бичиг соёл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-08 10:55:38

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Оюунбилэгтэй ярилцлаа. 


-Дархан-Уул аймагт Хэлний бодлогын салбар зөвлөл хэдэн онд байгуулагдсан бэ? Энэхүү салбар зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлооч?

-Монгол  хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажиллах журмыг үндэслэн Дархан-Уул аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийг 2018 онд 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Салбар зөвлөл нь монгол хэлний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах,иргэдийн монгол хэл, бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, улмаар үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд төрийн албан хаагчдын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, эерэг зөв хандлага, бүтээлч санал санаачилгыг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.

Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Оюунлаг Дархан” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хос бичигтэн” болох эрх зүйн орчныг бүрдүүлэх, сургалтын орчныг сайжруулах, хувь хүний хөгжлийн хэрэгсэл болгох зорилт тавин ажиллаж байна.

-Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд танай аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна?

Бидний хувьд сар бүр үндэсний бичиг үсгийн баяраа тэмдэглэдэг гэж хэлж болно. Мэргэжлийн хөгжлийн бүлгүүд, суралцагчдын бүтээлч идэвх, санаачилгыг өрнүүлж, иргэдийн хандлагыг өөрчлөх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон төрлийн ажил тогтмол зохион байгуулдаг.

Энэ жил “АЛТАН ҮСГИЙН БАЯР”-ын 19 жилийн ой болж байна. Нөхцөл байдлаас болж “Алтан үсгийн баяр”-аа үндэсний бичгийн цахим уншлагын хэлбэрээр зохион байгуулсан.

“Номын чуулган-1,2,3”-ыг зохион байгуулж, үндэсний бичгийн хүндэтгэлийн жагсаалтай болсон. Мөн үндэсний бичгийн ”Иргэдэд үйлчлэх хүндэтгэлийн өдөр”-тэй болсон. “Зохист утгын чимэг-Буухиа уншлага” анги нийтийн уран уншлага тогтмолжсон, Бүсийн хэмжээний “Мөнх оршихуй” бийрийн бичлэгийн уралдаан, улсын хэмжээнд “Мөнх тэнгэрийн бичиг минь” цахим бичвэрийн уралдаан, Төрийн албан хаагч, иргэдийн дунд “Цахим уншлага”, 12 ангийн сурагчдын дунд ”Цахим сорилго, уралдаан”, Үндэсний бичиг-манай гэр бүлийн өв эрдэнэ” цахим контентийн уралдааныг тус тус зохион байгуулсан зэрэг олон ажил хийж хэрэгжүүлсэн.

-Манай аймаг үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хэр хангагдаж байна?

-“Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа-2021”-д хамрагдсан төрийн албан хаагчдаас удирдах ажилтан-9,2%, гүйцэтгэх албан тушаалтан-60,6%, туслах ажилтан-60,2% хамрагдсан нь нэг үг хэлээд л байна. Албан бичгээ кирилл болон үндэсний бичгээр 56% хослуулан хэрэглэх чадвартай хэмээн судалгаа гарсан нь бага ч гэсэн сайны гэрэл мөн.

Үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтооход: Төрийн албан хаагчдын 5% - маш сайн, 15,1% - сайн, 27,3% - дунд, 23,4% -огт мэддэггүй гэсэн судалгаа гарсан байна. Эндээс тодруулахад төрийн албан хаагчид үндэсний бичиг үсгээ бие даан сурах, хэрэглээ болгох зайлшгүй шаардлага байна.

Боловсролын тухай хуулинд “Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж заасан бөгөөд, Төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлагад “Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх ёстой. Нөгөөтэйгүүр энэ албанд орохдоо “Хэл бичгийн шалгалт” өгөөд тэнцсэн байх ёстой. Энэ үүргээ хэрхэн биелүүлж байна вэ? гэдгийг энэ судалгаа бодитой дэлгэн тавилаа. Тиймээс төрийн албан хаагч бүр бие даан, түргэвчилсэн сургалтаар мэдлэг, чадвараа ахиулах хэрэгтэй. Үндэсний бичигт шилжихэд хувь хүмүүсийн чин сэтгэл, хандлага л хамгийн чухал. Өөр бэрхшээл байхгүй шүү дээ.

Боловсон хүчний хувьд: Дархан-Уул аймагт мэргэжлийн 108 багш, ахмад болон бага ангийн багш нар байна. Нийтийн дунд түргэвчилсэн болон цахим сургалт зохион байгуулж эхэлсэн. Харамсалтай нь хичээл зааж буй багш нарт цагийн хөлс, урамшуулал байхгүй байгаа нь шударга бус, хууль зөрчсөн үйлдэл яах аргагүй мөн. Төрийн албан хаагчдын ихэнх нь үнэ төлбөргүй сургах ёстой гэсэн өрөөсгөл, буруу ойлголттой байдаг нь гол бэрхшээл болж байна.

-Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ЕБС-ийн -түвшинд ямар ахиц гарч байна?

-Зөв бичих дүрмийн журамласан тольтой болсон нь маш чухал. Хэлний зүй тогтол, үгсийн аймгийн ангилал, утгын ойлголтууд нэг мөр болж, цахим орчинд гар утас, компьютер ашиглан, хурдан шуурхай ашиглах, хэрэглэх боломж бүрдсэнд баяртай байгаа. Манай хэлний зөвлөлийн “Дархан” салбар жилийн ажлын гүйцэтгэлээрээ урамшуулал хүртэж, 80 ш зөв бичих дүрмийн журамласан толиор шагнуулсан нь аймгийн хэмжээний бичиг хэргийн ажилтан, агентлаг, мэргэжлийн хөгжлийн бүлэг, номын сан, музей зэрэг байгууллага ширээний номтой боллоо. Мэргэжлийн багш нарын хувьд цахим хэлбэрээр ашиглаж, бага ангийн багш нар 100% ашиглаж байгаа нь хичээл сургалтын үйл ажиллагаа, хүүхэд бүрийн хөгжилд тодорхой ахиц гарч байгаа нь тодорхой.

-Дархан-Уул аймгийн хувьд бичгийн, соёлын дурсгалаа хэрхэн хадгалж хамгаалж байна. Энэ талаар хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу? Салбар зөвлөл хэр анхаарч ажиллаж байна?

-Үнэт ховор номын фондтой бөгөөд 100000 төгрөгөөс дээш үнэтэй 412 нэр төрлийн 421 боть ном 51421000 төгрөгөөр үнэлэгддэг. Номын баяр, бичиг үсгийн өдрөөр үзэсгэлэн гаргаж, уншигч, хэрэглэгчдэд сурталчилдаг. Сонгодог урлаг болон соёлын биет бус өвийн шавь сургалт зохион байгуулдаг.

Дархан хотын соёлын брэнд  “Домог амилсан нутаг” дуулалт жүжигтэй болох бэлтгэл ажил хангагдсан.

“Хаадын түүх”, “Музей дэхь уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн тухай”, “Виртуал амьтад” төслөөр контент, урлагийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж, соёлын өвийн боловсрол олгож байна.

-Хэлний зөвлөлийн “Дархан” салбарын онцлох санал санаачилга, бүтээлч ажлууд юу вэ?

-Цахим ертөнцийг “Үндэсний бичиг, соёл түгээх” уриалгын хэрэгсэл болгоцгооё! аян үр дүнтэй явж байна. “Уриалгын хос самбар”, “Алтан үсгийн баяр”-ын I шатны “Тэргүүний уншигч” 150 сурагчийн уриалга, “Хос бичигтэн болцгооё! цахим лед дэлгэцийн уриалга, “Дэлхийн бичиг соёлын нандин өв, хүмүн бичиг, тусгаар тогтнол” биет үзүүлэнтэй уриалга... гэх мэт.

“Аргыг олбол бэрхийг давна” уриатай “Миний арга зүй- цахим түгээлт” зохион байгуулж, мэргэжлийн багш нарын “Шилдэг арга зүйн сан”-тай боллоо. “Алтан үсгийн баяр”-19 жилийн ой, Үндэсний бичгийн “ТӨМ- тарааж өгөх материал” хийх цахим уралдаан, "Зохист утгын чимэг-Буухиа" уран уншлага, “Үндэсний бичиг-миний гэр бүлийн өв соёл” цахим контентийн уралдаан, "Миний нэрийн хуудас-нэр төрийн баталгаа” 2 сарын аян, Үндэсний бичгээр "Иргэдэд үйлчлэх хүндэтгэлийн өдөр"-тэй болсон. 

-Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр манай аймаг, сумдад монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү?

-Монгол хэлний тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 17.1.2.-д харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар нь бичиж хэвших ажлыг зохион байгуулна гэж заасанчлан бүх нийтээр кирилл болон үндэсний бичгээрх хаягжилт, тэмдэглэгээтэй болох ажлыг зохион байгуулсан. Дархан-Уул аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 400 гаруй аж ахуй нэгж байгууллага, төрийн болон төрийн бус 600 гаруй албан газар, "Батхан Жаргалант" ХХК 10 сая 300 мянган төгрөгөөр шинэ Дарханы гудамж, талбайн нэршлийг 100% үндэсний бичгээр хаягжууллаа.

Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн сайн туршлага олон бий. Тухайлбал, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Цахилгаан түгээх станц, Нэгдсэн эмнэлэг, Ус суваг, ерөнхий боловсролын сургуулиуд, СӨББ-ууд хаягаа үндэсний бичгээр бичиж, гэрэлтүүлэгтэй болгосон. Жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 1-2 танхимыг тохижуулан, үндэсний бичгийн сургалтын орчин бүрдүүлэн ажиллаж байна. Энэ жил "Оюуны-Ирээдүй" цогцолборын хананд 6 х 6,5 м хэмжээтэй “Уриалгын хос самбар” бүтээн байгууллаа. 

-Ер нь сүүлийн жилүүдэд бидний эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа нь харагддаг. Энэ талын судалгааг аймагтаа хийж байв уу?

-Үнэхээр монгол хүн бүр үндэсний бичигтээ элэг тавьж байна. Хоёрдугаар ангийн сурагчаас эхлээд 80 настан хүртэл бичиг соёлоо хөгжүүлэх, хамгаалах, өвлүүлэх чин эрмэлзэл хол биш дэргэд минь байгаад маш их баяртай байгаа. Хөл хоригдсон ч хүсэл мөрөөдөл хоригдоогүй нь илт. Өнгөрсөн жил Баруун бүсийн “Мөнх тэнгэрийн бичиг минь” бийрийн бичлэгийн уралдааныг анх удаа санаачлан зохион байгуулж,  МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины нэрэмжит уралдаанд шагналт байр эзэлж, “Үндэсний бичиг- Монгол бахархал” жишиг танхимтай болж, ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол Үндэсний сургуульд туршлага судлах “Багш солилцоо” зохион байгуулж, кирилл- үндэсний бичгээр хослуулсан хүүхдийн “Хөх ажил”, “Монголын орчин үеийн харилцаат яруу найраг” эмхэтгэл,”Алтан үсгийн цоморлог-2”цувралыг хэвлүүлж түгээлээ.

Үндэсний бичиг сонирхогчдын тоо нэмэгдэж, бийрийн бичлэгийн уралдаан оролцогчтой болсон. Улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноо 72-р ахисан. 16-р сургуулийн Н.Цолмон багшийн бэлтгэсэн 9а ангийн хамт олон улсын олимпиадын “Анги нийт” төрөлд тэргүүн байр, “Би эх дэлхийдээ хэрэгтэй” эсээ бичлэгийн уралдаанд улсад тэргүүн байр, “Татвар бидний амьдрал” цахим уралдаанд улсад тусгай байр тус тус эзэллээ. Энэ бүхэн энэ асуултын товч хариулт болох байх.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ