"Ногоон Дархан" төслийг хэрэгжүүлэхэд СӨХ хамтран ажиллана

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-05-10 18:30:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон Дархан” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээнд иргэн, ААНБ-ууд  мод тарьж орчноо сайжруулах, ногоон орчин болгох зорилготой аж.

Аймгийн БОАЖГ хариуцан хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулав. Түүний нэг нь орон сууц хорооллын дунд ногоон орчин буюу гоёл, чимэглэлийн, жимсний мод ургуулах талаар СӨХ-той хамтран ажиллахаар болсон. Үүний хүрээнд аймгийн БОАЖГ, СӨХ хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр иргэд олон нийтийн оролцоог сайжруулж, Дархан хотоо ногоон болгоход хамтран ажиллах юм.

Дархан-Уул аймаг 327.5 мянган га газар нутагтай бөгөөд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн 131.8 га талбайтай. Ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр 1 га талбай дахь мод сөөг нь 18.0 сая м.куб агаарыг цэвэршүүлэх аж. Төслийн хүрээнд ногоон байгууламжийг хамгаалж, сэргээх, нэмэгдүүлэх, хамгаалах үйл ажиллагаанд иргэд, олон нийт, аж ахуйн нэгжийн оролцоог сайжруулах 3 зорилт 32 арга хэмжээг хэрэгжүүлэх ажээ.

Холбоотой мэдээ