Монгол, Сингапурын бизнес уулзалтаар цахим худалдааг хөндөнө

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-13 17:42:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд тархаад буй "COVID-19" цар тахлын нөхцөл байдлаас гадна даяарчлагдаж буй олон улсын нөхцөлд Зүүн өмнөд Азийн бүс нутгийн улс орнуудад цахим худалдаа эрчимтэй хөгжиж байна. Үүний том жишээ нь БНХАУ болон Сингапур юм. Энэ үүднээс Сингапурын туршлага, боломжоос хуваалцаж Монгол, Сингапурын хооронд цахим худалдааны хамтын ажиллагаа, шинэ бизнесийг нээж, хөгжүүлэх зорилгоор хоёр талын цахим уулзалт болох гэж буй талаар зохион байгуулагчдаас мэдээллээ. 

Монгол-Сингапурын цахим бизнес уулзалт ГХЯ, Сингапур дахь Монгол Улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр МҮХАҮТ, Сингапурын Бизнесийн холбоотой хамтран ирэх сарын 16-нд болно. Сингапураас бараа бүтээгдэхүүн импортлох, мөн тухайн улс руу цахим экспорт хийх, цахимаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг Монголын ААН-үүдийг энэхүү уулзалтад урьжээ. Энэ үеэр хоёр орны бизнес эрхлэгчдэд тусгайлан цаг гаргаж цахим платформыг нээж өгөх учир тухайн компаниуд хоорондоо шууд харилцах боломжтой аж. 



Үүний өмнө хоёр улсын бизнесийн ажил хэргийн уулзалт жил дараалан болж, хоёр тал бизнесийн хамтын ажиллагааны боломжуудыг судалж ирсэн юм. Уулзалтуудыг Сингапур дахь Монголын ЭСЯ болон Сингапурын бизнесийн холбоо, МҮХАҮТ, Монголын Бизнесийн Зөвлөл, Сингапурын Үйлдвэрлэгчдийн холбоо болон “Энтерпрайс Сингапур” зэрэг байгууллага хамтран зохион байгуулж ирсэн юм.

Хоёр тал тээвэр, аялал жуулчлал, хэвлэл нийтлэл, боловсрол, дэд бүтэц, бөөний худалдаа, мал эмнэлгийн эм ханган нийлүүлэлт, газрын тос ба хий, цахилгаан үүсгүүр ба цахилгаан станц, гал тогооны тоног төхөөрөмж, цэвэр кофе үйлдвэрлэгч, экспортлогч, эрчим хүчний бүтээгдэхүүн ба үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай цахилгаан бараа, электроник инженерийн салбарт хамтран ажиллах бломжтой юм. 

Холбоотой мэдээ