Шилдэг ногоон байгууламж бүхий сум, байгууллага, айл өрхийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-14 19:23:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас шилдэг ногоон байгууламж бүхий сум, байгууллага, айл өрхийг шалгаруулах уралдаан зарлан, ногоон байгууламж бий болгох үйл ажиллагааг идэвхжүүлж байна.

Тус аймгийн түүхт 80 жилийн ой  2022 онд тохиох ба ойг угтан гурван үе шаттайгаар 8 түмэн мод тарих хөдөлгөөн өрнүүлж, идэвхжүүлэх зорилгоор дээрх уралдааныг зарласан байна.

Энэхүү уралдаан энэ оны 4 дүгээр сарын 26-наас 2022 оны 6 дугаар сар хүртэл үргэлжилнэ.

Уралдаанд оролцогчид “8 түмэн мод тарих хөдөлгөөн”-д нэгдэж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн, мод тарьж, арчилж, ургуулж байгаа үйл ажиллагаагаа олон нийтийн сүлжээнд сурталчлах, ногоон байгууламж, орчны тохижилтоо бусдад загвар болохуйц, шинэлэг байдлаар хийх, ногоон байгууламжийн арчилгаа, усалгааны асуудлаа шийдсэн байх ёстой аж.  

Мөн хашаандаа тарьж ургуулсан модны тоо, зүлэгжүүлсэн болон цэцгийн мандал байгуулсан талбайн хэмжээ, нөлөөллийн ажилд оролцсон байдал, ирүүлсэн тайланг цаг хугацаанд ирүүлсэн байх шаардлагатай.  

Дээрх шалгууруудаар хамгийн өндөр оноо авч, олон мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн 3 сум, 3 байгууллага, 15 айл өрх (сум бүрээс нэг өрх)-ийг шалгаруулан шагнах ба нийт 18,0 сая төгрөгийн шагналын сантай ажээ.

Холбоотой мэдээ