Хоёр багийг холбосон гүүрэн гарц 7 дугаар сард ашиглалтад орно

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-05-15 10:52:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын найм болон нэгдүгээр багийг төмөр замын дээгүүр холбох авто замын гүүрэн гарцын ажлын явц 82 хувьтай байна.

Ерөнхий гүйцэтгэгчээр "Big Rental" ХХК ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 9 дүгээр сард эхэлсэн. Хуваарийн дагуу 7 дугаар сарын нэгэн гэхэд хүлээлгэж өгөх аж. Гүйцэтгэгч компанийн зүгээс 6 дугаар сарын дунд гэхэд бүрэн дуусгах боломжтойг онцолсон. Нийт 2,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг гүүрэн гарц ашиглалтад орсноор Дархан сумын 1,2,3 дугаар баг, Ширээ нуруу руу нэг урсгалаар зорчдог хөдөлгөөн буурч, төв замын ачаалал багасна.

2010 оноос хойш яригдсан энэхүү төмөр замын гүүрэн гарцын ажил ийнхүү биелэлээ олж барилгын ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 46 ажилтан загасан тулгуурын арматурчлалын ажлыг хийж байна гэж гүйцэтгэгч компанийн ерөнхий инженер мэдэгдсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй уг ажилтай УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр тойрогтоо ажиллах үеэр танилцсан байна. Тэрээр хамгийн гол нь чанартай, аюулгүй байх, олон жилийн настай бүтээн байгуулалт болох ёстойг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад хэлсэн. Харин гүйцэтгэгчийн зүгээс гурван жилийн баталгаа өгдөг ажээ.

 

Холбоотой мэдээ