Хэрэглээний халуун усыг цагийн хязгаартай өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-05-17 15:56:56

Увс /МОНЦАМЭ/. Жил бүрийн 9-р сарын 15-наас 5-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд төв суурин газрын төвлөрсөн шугам сүлжээтэй цэгүүдэд халаалт өгдөг. Энэхүү горимын дагуу Улаангом суманд 2020-2021 оны халаалтын улирал дуусч байна. Харин аймгийн Онцгой комиссоос хоёр сарын хугацаанд хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар хангах шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд Улаангомын дулааны 2-р станц ТӨХК-иас энэ сарын 15-наас 7-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд орон сууцны айл өрхүүдийг 10.00-22.00 цагийн хооронд хэрэглээний халуун усаар хангах бөгөөд уг ажилд аймаг, орон нутгаас тодорхой дэмжлэг үзүүлэх юм байна.

-“Улаангомын дулааны 2-р станц ТӨХК-ийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнгөнөөс энэ талаар тодруулахад:

-Манай станц нь Улаангом сумын орон сууцны 1845 өрх, 130 орчим ах ахуйн нэгж, 93 төсвийн байгууллагыг дулаан, хэрэглээний халуун усаар ханган ажилладаг. Энэ жилийн халаалтын улирлыг хүндрэл багатай даван тууллаа. Энэ сарын 15-наас халаалт зогсож байна. Харин хэрэглээний халуун усыг тасалдуулахгүй. Халуун ус болон засварын ажилд 30 гаруй ажилтан ажиллах тооцоо гарсан. Мөн цар тахлын нөлөөтэй засвар хийх сэлбэг, материалын татан авалт удааширсан ч 6-р сарын 1-нээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Компанийн өр, авлагын тухайд хүндрэлтэй байсан ч одоо цэгцэрч байгаа. Өнгөрсөн оны мөн үед тэрбум 600 сая төгрөгийн өглөгтэй, 230 сая төгрөгийн авлагатай байсан бол өнөөдөр 700 сая төгрөгийн өглөг, 190 сая төгрөгийн авлагатай байна” гэлээ.

Холбоотой мэдээ