Вакцины эсрэг заалттай иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-18 14:31:22

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-ны өдөр аймгийн Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдлаа. Цар тахлын хоёр дахь давлагаа гуравдугаар сарын 21-нд эхэлснээс хойш онцгой комисс нийт 60 удаа хуралдаж байна. Энэ хугацаанд тодорхой шийдвэрүүдийг гаргасны үр дүнд цар тахлын хоёр дахь давлагааг бүрэн хязгаарлаж чадсаныг онцгой комиссын өргөтгөсөн хурлын үеэр мэдэгдлээ.

Гэхдээ тайвширч болохгүй гэдгийг комиссын удирдлагууд онцолсон. Өнгөрсөн хугацаанд нийт 659 иргэнийг бүрэн эмчилсэн бөгөөд өнөөдөр эмчлэн тусгаарлах байранд 5 иргэн байна. Цар тахлын эсрэг дархлаажуулалтын эхний тунд 53583 иргэн хамрагдсан бол хоёр дахь тунд 21745 иргэн хамрагджээ. Өнөөдрөөс эхлэн хоёр дахь тунд хамрагдах хугацаа нь болсон иргэдийг дархлаажуулалтад хамруулна.

Мөн дархлаажуулалтын эсрэг заалттай, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг эмчийн хяналт дор файзер, спутник вакцинд хамруулж эхэллээ. Эмчлүүлээд гарсан, тусгаарлалтад байсан иргэдийг ч  мөн дархлаажуулалтад хамруулах аж.

Энэ долоо хоногоос эхлэн аймгийн Нэгдсэн эмнэлэг хэвийн горим буюу өөрийн байрандаа эмчилгээ үйлчилгээгээ хийж эхэлсэн. Учир нь Нэгдсэн эмнэлгийн байрыг ковид эмчлэх байр болгосноор тасаг нэгжүүдийг хувийн эмнэлгүүд рүү шилжүүлсэн юм.

Түүнчлэн улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 22-ноос эхлэн хөдөлгөөн нээхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж, түр журам боловсруулан Дархан-Уул аймгийнхаа харьяат иргэдийг хүлээн авахаар боллоо.

Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулан халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлуулах чиглэл өгсөн.

Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн аймгийн Онцгой комисс энэ сарын 20-ноос хойш хуралдаж үйл ажиллагаа нь хязгаарлагдсан аж ахуй нэгж, үйлчилгээний газруудыг хэрхэн ажиллуулах шийдвэрийг гаргах ажээ.

Дарханыхан бид хамтдаа цар тахлын 2 дахь давлагааг хязгаарлаж чадсан хэдий ч цаашид улсын хэмжээнд хөдөлгөөн нээгдэх учраас эрсдэл та бидний хажууд байхыг үгүйсгэхгүй гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал онцолж, дор бүрнээ хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг иргэдэд анхааруулав.

Холбоотой мэдээ