Монгол Улс хүн амынхаа 54.7 хувийг вакцинжуулсан үзүүлэлтээр дэлхийд хоёрдугаарт орж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-19 11:42:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинд өчигдөр нийт 22 198 хүн хамрагджээ.


Өнөөдрийн байдлаар, нийслэлд вакцины эхний тунг 926 677  хүн, хоёрдугаар тунг 509 465 хүн тариулаад байна. Харин хөдөө орон нутагт нэгдүгээр тунд 875 593 хүн, хоёрдугаар тунд 156 822 хүн хамрагджээ.  Улсын хэмжээнд 1 802 270 хүн буюу нийт хамрагдвал зохих иргэдийн 78 хувь нь вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн бол хоёрдугаар тунд 666 287 хүнийг хамруулаад байна.


Сүүлийн өдрүүдэд 40-44 насныхан вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж байна. Харин 25-29 насны иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа.


Дэлхийн 206 улсад дархлаажуулалт хийж буй. Дэлхий дахинд нэг тун вакцин хийлгэсэн нийт хүн амынхаа 62.8 хувийг хамруулсан үзүүлэлтээр Израил улс нэгдүгээр байрт, Монгол Улс нэгдүгээр тунд хүн амынхаа 54.7 хувийг хамруулснаараа хоёрдугаар байрт орж байна. Харин удаах байрт Их Британи, Бахрейн, Унгар улс орж байгааг ЭМЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ