Вакцины ачаар дэлхий дахинд 20 гаруй халдварт өвчнийг устгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-19 12:25:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний эсрэг вакцин хийлгэснээр хүндрэл, нас баралтаас сэргийлэх, тархалтыг бууруулах ач холбогдолтойг ЭМЯ-ны  Нийтийн эрүүл мэндийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Тэрбээр "Вакцин бол дэлхий нийтэд ХХ зуунд анагаахын шинжлэх ухааны салбарт гарсан 10 том ололтын нэг юм. Вакциныг халдварт өвчнөөс сэргийлэх шидэт ерөндөг гэж дэлхийд үздэг. Хэрвээ вакцин байхгүй байсан бол дэлхийн хүн амын тал нь байхгүй байх байлаа. Вакцин хэрэглэж эхэлснээс хойш дэлхий дахинд 20 гаруй халдварт өвчнийг устгаж, үүний үр дүнд жилд дунджаар 2 сая хүүхдийн амь эрсдэхээс сэргийлж байна. Манай улс 1921 оноос хойш хүүхдийн дархлаажуулалтыг хийснээс хойш 100 жил болж байна. Сүүлийн үед “Халдварт өвчнийг бороо гэж үзвэл вакцин шүхэр нь юм” гэж үзэж байгаа.  

Дэлхий дахиныг хамарч удаан хугацаагаар үргэлжилж буй анхны цар тахал дэгдээд байна. Үүнтэй холбоотой жил гаруйн хугацаанд коронавируст халдварын эсрэг вакцин бүтээгдлээ. Одоогоор ДЭМБ-аас таван вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл өгөөд хэрэглэж байгаа. “Ковид-19”-ийн эсрэг  вакцины тусламжтай хүндрэл, нас баралтаас сэргийлж, тархалтыг бууруулж, голомтыг цомхотгож байна. Вакцин гарсан цагаас эхлэн сөрөг мэдээ гарч ирсэн. 100 хувь хамгаалдаг зүйл гэж байхгүй. Био бэлдмэл учир урвал гардаг. Тиймээс иргэд эмзэглэж, эргэлзэж айдаг. ДЭМБ-ын ерөнхий захирал, дэлхийд нэг хүн, нэг улсад “Ковид-19” тарсан байхад дэлхийн хүн бүрд аюултай гэж хэлсэн байдаг. Тиймээс иргэд өөрийгөө хамгаалж, бусдад халдвар тараахгүй байх нь чухал" гэдгийг тодотгов.


Мөн тэрбээр, "Тодорхой хугацааны дараа дархлаа тогтоно. Цар тахлын үед хоёрдугаар тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дотор дархлаа тогтоно гэж байгаа боловч шинжлэх ухаанд 21-28 хоногийн дараа дархлаа бүрэн тогтож, цааш өснө гэж үздэг. Тиймээс амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй. Дархлаа нь олдмол болон байгалийн гэж бий. Сайн унтах, эрүүл зөв хоол идэх, зөв зан үйл үйлдэх нь байгалийн дархлаа юм. Харин вакцин бол олдмол дархлаа юм.

Манай улсад хийж буй БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцин идэвхгүйжүүлсэн вакцин. Тэгэхээр айхтар гаж урвал үзүүлэхгүй. Мөн вакцинтай давхацдаг эмгэг гэж бий. Зүрх судас, амьсгалын дутагдалтай, даралт ихтэй хүмүүст вакцин хийлгэсний дараа илүү мэдрэгддэг. Тиймээс вакцин хийлгэхээсээ өмнө эмчдээ бодит байдлыг сайн хэлэх хэрэгтэй. Жижиг гэлтгүй бүх зовууриа заавал хэлээд вакцин хийлгэх эсэхээ шийднэ. Вакцин хийлгэхийн өмнө 2-3 хоног биеэ бэлдэх, хийлгэсний дараа эмчийн зааврын дагуу гам барих хэрэгтэй. Мөн эрүүл агаарт гарах, тайван байх, унтаж амрах, чанартай хоол хүнс хэрэглэх гэх мэтээр дархлаагаа дэмжих хэрэгтэй" гэв. 

 

Холбоотой мэдээ