Бие даасан 3 нэр дэвшигч УИХ- ын сонгуульд өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-21 13:03:42

УИХ- ын сонгуулийн 16- р тойрог буюу Дундговь аймагт бие даан нэрээ дэвшүүлсэн 3 нэр дэвшигч, намуудаас нэр дэвшигчтэй өрсөлдөж байгаа. Бие даан нэр дэвшигчдийн хувьд УИХ- ын сонгуульд яагаад нэрээ дэвшүүлэх болсон талаар сонгогчиддоо тайлбарлаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

Аймгийн ИТХ- ын дарга, бие даан  нэр дэвшигч С. Буджав МАН- ын гишүүн боловч өнгөрсөн хугацаанд намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулсан гэдэг шүүмж хүлээсээр ирсэн. Тэрээр, УИХ- ын сонгуульд бие даан оролцох болсон нь үзэл бодол, үнэт зүйл маань өөрчлөгдсөнтэй холбоогүй. Харин намын нэрээр албан тушаал, эрх мэдэлд хүрэх гэсэн хувийн ашиг сонирхолд автсан зарим нөхдийн хавчлагыг үл тэвчиж, ард түмнийхээ талд гарч, зүй бус үйлдлийг хамтран зогсоохоор намаасаа татгалзан ийнхүү УИХ- д нэрээ дэвшүүлсэн хэмээн хэлж байна. Нэр дэвшигч С. Буджав энэ сонгуульд “Нэг Монгол- Нэг Дундговь”- ын төлөө хамтдаа хэмээх уриа бүхий мөрийн хөтөлбөрөө сонгогчиддоо танилцуулж байна.

Монголын Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга асан, хошууч генерал Б. Баярмагнайгийн хувьд, нэг албан тушаалыг удаан хашсан гэх шалтгаанаар албан тушаалаа улс төрийн шахалтаар өгч, цэргийн жинхэнэ албаны тэтгэвэр тогтоолгосон байна. Түүнийг Хөдөлмөрийн Үндэсний намын гишүүний нь хувьд олон нийт тус намаас нэр дэвших байх хэмээн таамаглаж байсан ч бие даан нэр дэвшсэн бөгөөд энэ тухайд тэрээр тайлбарлахдаа,“ ХҮН- ын гишүүн болсон ч нам доторхи эрх мэдлийн зөрчил гарна гэдгийг төсөөлөөгүй. Энэ зөрчил ХҮН- ыг УИХ- ын сонгуульд оролцох боломжгүйд хүргэж, улмаар энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшсэн. Харийнхан бидэн рүү зэвсэг барьсан цэргүүд биш зальжин инээсэн луйварчдаа илгээж, дааж давшгүй их өрөөр эзлэхийг санаархаж байгаа энэ цагт  бүтэн улс, газар нутаг, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө би амьдралынхаа үлдсэн цаг хугацааг зориулахаар шийдсэн” гэлээ. Тэрээр Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөдөө аж ахуй салбарт болон тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд чиглэсэн бодлого бүхий мөрийн хөтөлбөрөө сонгогчиддоо танилцуулж байна.

“Улаанбаатар смарт карт” ХХК- ийн ТУЗ- ийн дарга, “Смарт” телевизийн Ерөнхий захирал Б. Мөнхболорын хувьд, төрөлх Дундговь нутаг маань хөгжил дэвшлийн ахиц муутай, засаглалын хямралд орчихсон ийм дүр төрхийг хараад тэвчиж чадсангүй. Ид хийж бүтээх гуч гарсан насандаа нутаг орныхоо төлөө зүтгэхгүй бол өөр хэн хийх вэ хэмээх чин хүслээр УИХ- ын сонгуульд нэр дэвшсэн гэлээ. Тэрээр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тээврийн удирдлагын систем, тээврийн хэрэгслийн мэдээлэл, цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлэн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүн шиг орчин үеийн хөгжлийг нутаг орондоо бүтээх зорилго бүхий “Ухаалаг хөгжил- Дундговь” мөрийн хөтөлбөр боловсруулан энэ удаагийн сонгуульд оролцож байгаа ажээ.  

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ