Шадар сайд Дундговь аймгийн малчдын нөхцөл байдалтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-24 13:37:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан 5 дугаар сарын 22-нд Дундговь аймагт ажиллаж, тус аймгийн малчдын төлөөлөлтэй уулзлаа.

Тус аймгийн хэмжээнд хаваржилт хүндэрч, 3 дугаар сарын 14-нөөс хойш хэд хэдэн удаагийн давтамжтай хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, малчид их хэмжээний хохирол амссан. Мөн тус аймгийн 1145 өрхийн 945 мянган мал отроор өөр аймгийн нутагт хаваржиж байна. 

Айлчлалын үеэр Шадар сайд С.Амарсайхан малчдын амьдрал ахуй, нөхцөл байдалтай танилцаж, тэдний тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцон, малчдад хүнсний багц олгожээ. Мөн Цагаандэлгэр сумын малчин Н.Амгаланбаатарын гэр бүлд “Улсын аварга малчин” цол тэмдэг гардуулж, хүндэтгэл үзүүлсан байна.

Түүний айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн сайд С. Энхболд, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар ажилласан.

Малчдын зүгээс өвс тэжээлийн үнийг тогтворжуулж, хаврын хахир хатуу үеийг хохирол багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх, малын индексжүүлсэн даатгалд хамруулж өгөх зэрэг хүсэлтийг Шадар сайд болон тойргоос сонгогдсон гишүүнд уламжилсан байна. 

Засгийн газраас малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгож байгаа ба цаашид Засгийн газар, улсын Онцгой комиссоос отроор яваа малчдын амьжиргааг дэмжих бодлого баримталж байгааг Шадар сайд онцолжээ.

Цагаандэлгэр сумын нутагт 8 аймгийн малчид оторлож байгаа бөгөөд отроор яваа малчдыг вакцинд хамруулах ажлыг шуурхай зохион байгуулах, мөн байгалийн гамшигт зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг яаралтай устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай байгаа тул Шадар сайд энэхүү ажлыг даруй зохион байгуулахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгожээ.  

Холбоотой мэдээ