Монгол-Чилийн бизнес уулзалт цахимаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Чили улсын ГХЯ, Чили улсын “ProChile” агентлагтай хамтран хоёр улсын бизнес уулзалтыг зохион байгуулав. Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болсон уг цахим уулзалтад хоёр орны уул уурхай, хүнс, жимс, ХАА-н чиглэлийн 20 гаруй аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод оролцож, үйл ажиллагааны чиглэлийнхээ талаар мэдээлж танилцуулав.
Уулзалтад хоёр улсын ГХЯ-дын чиглэлийн газрын удирдлага, мөн тус тусын улсад хавсран суугаа Элчин сайд нар оролцож, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх нөөц бололцоог ашиглахын чухлыг тэмдэглэв. Монгол, Чилийн бизнесийн анхдугаар уулзалт нь цаашид хоёр улсын хувийн хэвшил хооронд шууд холбоо тогтоох, шинэ түнштэй болох, сайн туршлага судлахад ач холбогдолтой боллоо.
Улмаар манай улсын иргэд аялал жуулчлал, бизнесийн ажлаар Латин Америкийн ихэнх орон руу тухайлбал, Аргентин, Бразил, Куба, Уругвай, Чили, Эквадор улс руу визгүй зорчих болж байгаа нь бизнес, хамтын ажиллагааны бас нэг томоохон боломж юм гэдгийг уулзалтаар онцоллоо.
Уулзалтад Чилийн хүнс, жимс, уул уурхайн компаниудын холбоо мөн Чилийн үндэсний ХАА-н нийгэмлэгийн төлөөлөгч нар, Монголын талаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Рио тинто”, “Мера”, “Монголын зэс корпораци”, Монголын жимс жимсгэний үндэсний холбоо, “Номин трейдинг”, “Наран фүүдс” зэрэг томоохон 20 ААН идэвхтэй оролцлоо. Уулзалтын үр дүнд хоёр талын ААН-үүд хамтран ажиллахаар тохиролцож МҮХАҮТ нь “Прочили” буюу Чилийн Гадаад хэргийн яамны харьяанд төрийн байгууллагын статустай байдаг экспорт, гадаад худалдааг хөгжүүлэх байгууллагатай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж цаашид хамтран ажиллахаар боллоо.