БНХАУ бүх талаар “ногоон хөгжил”-ийг чухалчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-31 13:26:25

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ нийгэм болон эдийн засгаа хөгжүүлэх явцдаа “ногоон шилжилт”-ийг бүх талаар урагшлуулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудлыг "стратегийн тэргүүлэх чиглэл" болгон ажиллах болно гэж тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдлээ.


“Ногоон хөгжлийн түншлэл ба дэлхийн зорилтууд 2030-ын (P4G) төлөөх 2021 оны түншлэл” хэмээх Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо ням гарагт болсон дээд хэмжээний уулзалтад Ли Көцян цахимаар холбогдон үг хэлэхдээ “Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг 2030 оноос өмнө дуусгавар болгож, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн төвийг сахисан улс болно” гэсэн амлалтыг онцлон хэлсэн байна.


Дэлхийн хөгжиж буй хамгийн том улс орны хувьд БНХАУ нь бүх иргэнээ сайн сайхан амьдруулахын тулд нүүрстөрөгч багатай, ногоон хөгжлийн замыг сонгосон бөгөөд нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх зорилгодоо энэ зууны дунд үе гэхэд хүрэхийг эрмэлзэн ажиллаж байна гэж тэрбээр хэлжээ.


БНХАУ-ын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд (2021-2025) дурдсанаар, тус улс ирэх таван жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний нэгж тутамд ногдох эрчим хүчний хэрэглээг 13.5 хувиар, CO2 ялгарлыг 18 хувиар тус тус бууруулах зорилт дэвшүүлээд байна.


Дэлхий нийт COVID-19 цар тахлыг дарж авч, үүнээс үүдэлтэй сөрөг нөлөөнөөс гарахыг эрмэлзэж буй энэ цаг үед ногоон хөгжлийг дэмжих нь чухал болохыг Ли Көцян цохон тэмдэглэжээ.


Цар тахлаас ангижрахын тулд улс орнууд бохирдлын ялгаралтыг ихэсгэдэг хуучин хөгжлийн зам руугаа эргэж орж болохгүй гэж тэрбээр хэлээд, эдийн засгийн хөгжил болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр харилцан ашигтай үр дүнд хүрэхийн тулд дэлхий нийтээрээ хүчин чармайлт гаргахыг уриаллаа.


P4G гэдэг нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон цаг уурын өөрчлөлтийн талаарх 2015 оны Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дэлхийн санаачлага юм.


“Голдман Сакс” олон улсын хөрөнгө оруулалтын банкны нэгэн судалгааны тайланд дурдсанаар, Хятад улс 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтод хүрэх хүртэл буюу одоогоос 2060 он хүртэл байгаль орчинд ээлтэй цэвэр технологийн дэд бүтцийн хөгжилд 16 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 40 сая ажлын байр шинээр бий болгохоор байна.


“Хятад улс байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх боломжийг гадаадын компаниудад улам бүр нээж өгч байна. Энэ бол сайн бизнес” гэж АНУ-Хятадын түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ‘Полсон’ хүрээлэнгийн дэд тэргүүн Дебора Лер ярьжээ.

Холбоотой мэдээ