“Биокомбинат” ТӨХХК-ийн шинэчлэлийг эрчимжүүлэхээр уулзалт зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга орлогч Иштван Юу-тай цахимаар уулзав.
Уулзалтын эхэнд Сайд З.Мэндсайхан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга орлогч ноён Иштван Юу, тус яамны хамт олонд Монгол-Унгар улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байгаад талархал илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааны чухал төсөл болсон “Биокомбинат” ТӨХХК-ийн шинэчлэлтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
Зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Биокомбинат” ТӨХХК-ийн шинэчлэлийг төлөвлөсөн хугацаанд дуусгах, төсөл хэрэгжүүлэхэд хоёр орны технологийн инженерээс бүрдсэн баг гаргаж, хамтран ажиллах саналыг Монголын талаас тавьжээ. Талууд энэ төслийг шуурхай эхлүүлэхэд нарийн техник мэргэжлийн инженерийн хамтын ажиллагаа нэн чухлыг онцлон тэмдэглэсэн юм.
Талууд төслийн техник мэргэжлийн асуудлыг шийдэх уулзалт зөвлөгөөнийг холбогдох байгууллага хооронд яаралтай зохион байгуулахаар тохиролцлоо.
Уулзалтад Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Обрущанский Борбала Анна, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр, нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Орхонтулга, ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, мэргэжилтэн Д.Навчаа нар оролцов.