Хууль зүйн клиник сургалтын төвийг нээв

Монголын мэдээ | Боловсрол
192@montsame.mn
2021-06-07 14:32:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас манай улсад "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Дотоод Хэргийн их сургуулийн дэргэд гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх Хууль зүйн клиник сургалтын төвийг байгуулж өнгөрсөн 7 хоногт нээлээ.



Сургалтын төвийн нээлтэд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф оролцон, энэхүү хууль зүйн клиник нь иргэдэд жинхэнэ утгаар хүрдэг олон нийтэд суурилсан үйлчилгээ болно гэдгийг онцоллоо. Тэрээр оюутнуудад хандан, "Олон нийтэд суурилсан үйлчилгээ нь хэрэгцээ байгаа газар хүрч үйлчлэх гол арга зам юм. Эрх зүйн клиникт оролцсон оюутнуудад энэхүү клиникээс ихээхэн туршлага олж авна гэж итгэж байна.


Ингэснээр та бүхний хуульчийн карьер ихээхэн өгөөжтэй эхлэх гэж байна. Оюутнууд маань ажлын туршлага олж аваад зогсохгүй иргэдэд тустай, буянтай үйлчилгээ үзүүлэн улмаар хойч үедээ үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна” гэдгийг тэмдэглэн хэллээ. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл мөн нээлтэд оролцож үг хэлэхдээ, "Клиник сургалтын төвийн үйл ажиллагааг тогтвортой байлгаж, хамгийн гол нь төслийн үр шимийг хүртэх ёстой гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох магадлалтай эрсдэлт бүлэгт хүрч ажиллах нь чухал болох"-ыг онцолж байлаа.


Клиник сургалтын төвийг байгуулахад тус сургуулийн профессор, эрдэмтэн багш нараас бүрдсэн Ажлын хэсгийг байгуулж “Хууль зүйн клиник” хичээлийн хөтөлбөрийг боловсруулан батлуулж 2020 оны 11 дүгээр сараас танхимаар болон цахимаар хичээл орж эхэлсэн юм. Танхимын хичээлд Цагдаагийн сургуулийн 26 сонсогч, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 67 сонсогч хамрагдаад байна. Клиник сургалтын танхим болон үйлчлүүлэгч нарт зөвлөгөө өгөх өрөөг тохижуулж хүлээлгэн өгснөөр практик сургалтыг эхлүүлэхээр болж байна. Ингэснээр хууль зүйн клиник төвийн оюутнууд үйлчлүүлэгч нарт гэр бүлийн хүчирхийллийн талаар эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх улмаар  хохирогчид эрх зүйн тусламж авах хүртээмжийг сайжруулж, энэ талаарх иргэдийн эрх зүйн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх юм. 

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх”  төсөл нь жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн эрхээ эдлэхэд нь тулгарч буй бэрхшээлийг тодорхойлно. Мөн хууль зүйн туслалцааны хүртээмжийг сайжруулж, гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт хохирогчдын эрхийн талаар тэдний болон олон нийтийн эрх зүйн ойлголт, мэдлэгийг сайжруулах зорилготой аж.


Холбоотой мэдээ