Олборлох салбарын ил тод байдлыг хангахад бизнесийн холбоодын оролцоог дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-07 18:04:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олборлох салбарын ил тод байдлын чиг хандлага, өөрчлөлтийн талаар УУХҮЯ, Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Ажлын алба, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ хамтран бизнесийн төлөөлөл, мэргэжлийн холбоодод өнөөдөр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Хэлэлцүүлгээр ОҮИТБС-ын 2019 оны шинэ стандарт цаашдын чиг хандлагын талаар Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон мэдээлэл өгч, ил тод үйл ажиллагаа жилээс жилд сайжирч буйг онцоллоо. Энд одоо мэргэжлийн холбоод, бизнесийн байгууллагуудтай улам нягт хамтран ажиллаж харилцаагаа өргөжүүлэх хэрэгтэй байгаа талаар Монголын ОҮИТБС-ын төслийн зохицуулагч З.Баярхүү санал тавилаа. Мөн “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн үйл явцыг танилцуулж, хамтран ажиллах нөхцөл бололцооны талаар хэлэлцэн, мэргэжлийн холбоод ойлголтоо нэгтгэх, цаашдын үйл ажиллагааг уялдуулах, мэдээлэл солилцох, харилцааны байнгын суваг бий болгох зорилготойг тэмдэглэв.




Ил тод тайлангийн цахим порталын талаар Ажлын албаны мэдээллийн технологийн зөвлөх В.Нармандах МҮХАҮТ, “Монголын бизнесийн зөвлөл”, “Нүүрс Ассоциац”, Монголын Уул уурхайн үндэсний ассоциац (МУУҮА), “Монголын жонш үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо”-ны удирдлагуудад мэдээлэл өглөө. Мөн бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төслийн талаар “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ оролцогчдод танилцууллаа. 



Хэлэлцүүлгийн үеэр салбарын ил тод байдлыг сайжруулах нэг боломж нь ил тод үйл ажиллагаатай компаниудыг урамшуулах, өгөгдөлд суурилсан үнэн зөв мэдээллээр нийгмийн ойлголтыг нэмэгдүүлэх явдал гэдгийг талууд онцлов.

Олборлох салбарын ил тод байдлыг хангахад өгөгдөлд суурилсан үйл ажиллагаагаар бизнес эрхлэгчдийг дэмжих санаачилга гарлаа.


ОҮИТБС-ын 2006 оноос хойш цугласан мэдээллийг ашиглах замаар энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд салбарын яам манлайлж оролцохоо илэрхийллээ. 2006-2020 онтой харьцуулахад тайлагналын тоо буурчээ. Энэ нь "COVID-19"-ийн цар тахлын улмаас олон компани, ААН, байгууллагын үйл ажиллагаа хумигдсан байна. 



Холбоотой мэдээ