Б.Өнөржаргал: Энэ удаагийн сонгуульд бид өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-06-09 10:00:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байна. Бид өглөөний 07.00 цагт нийслэлийн Чингэлтэй дүүргийн, сонгуулийн 30 дугаар тойргийн 19 дүгээр хорооны 1 дүгээр хэсэгт очиход 20-иод иргэн саналаа өгөхөөр ирсэн байв. 

Энэ хэсэг нь Салхитын зусланд байрладаг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэд оршин суудаг. Хэдийгээр нийслэлийн хойд чиглэлийн гэр хороолол болон зуслангийн айлуудыг хамардаг, суурьшил тархуу ч сонгогч иргэдийн ирц сайн эхэлж буйг хэсгийн дарга Б.Өнөржаргал хэлэв. Түүнээс зарим зүйлийг тодруулав. 




-Санал авах ажиллагаа юунаас эхэлж байна? 

-Манай хэсэгт өчигдөр хуулийн дагуу явуулын хайрцгаар 26 хүнээс санал авсан. Өнөө өглөө эдгээр сонгогчийн зөөврийн хайрцгийн  битүүмжлэлийг задлан саналын машины кодыг хийж, уншуулснаар санал авах ажиллагаа эхэлж байна. 


-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль "COVID-19"-ийн халдвар их байгаа нөхцөлд болж байгаа учир юунд анхаарч байна. Нэлээн онцлог болж байх шиг байна?

-Тийм ээ. Энэ удаагийн сонгуулийн хэсгийн бүрэлдэхүүнд эмч, онцгой, цагдаагийн байгууллагын гээд олон ажилтантай болж байна. Манай хэсэгт гэхэд мэргэжлийн хяналтын байцаагч, мөн эмч, үйлчлэгч, ариутгагч, хамгаалалтын зэрэг үйлчилгээний хүмүүсийг хамруулаад 16-17 хүн ажиллаж байна. Ариутгал, цэвэрлэгээг 2 цаг тутамд хийж байна гэв.




8.00 цагийн байдлаар дээрх хэсэгт сонгогчдын 6.25 хувь нь саналаа өгөөд байв. Тус хэсэг нийт 2757 сонгогчтойгоос 248 хүн гадаад, дотоод явсан, эзгүй байгаа гэдгээр тэмдэглээнээс хасагдаж, 2512 иргэн санал өгөх бүртгэлтэй байгааг хэсгийн дарга Б.Өнөржаргал хэллээ. Энэ хэсэгт МАН, АН-ын тус 2, "Зөв хүн" эвслээс 1 хүн ажиглагчаар ээлжлэн сууж байна. Ахмадууд, залуучууд саналаа өгөхөөр өглөө эрт ирж байна. Сонгогчдын ирц, оролцоо нэлээн идэвхтэй байна. Залуучуудын зарим нь өнөөдөр ажилтай хэмээн саналаа эрт өгч байгааг тэрээр мэдээлж байлаа. 



Холбоотой мэдээ