Эдийн засаг, бизнестэй холбоотой хуулиудын шинэчилж өөрчлөлтийг хүлээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-аас коронавируст халдварын цар тахлын улмаас борлуулалтын орлого нь буурсан ААН, хувиараа аж ахуй эрхлэгч, иргэнийг нийгмийн даатгал болон албан татварын өр төлбөр, шийтгэлээс нэг удаа чөлөөлөх “Цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих арга хэмжээний тухай” хуулийн төслийн саналыг боловсруулснаа УИХ, Засгийн газарт хүргүүлээд байна.
Эдийн засаг, бизнестэй холбоотой хуулиудыг шинэчилж өөрчлөх явцыг хойшлуулахгүйгээр хийвэл эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаагаа бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас мэдэгдлээ.
Засгийн газраас цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ энэ оны 7 дугаар сарын 1-нээр дуусгавар болно. Үүнээс хойш эдийн засгаа сэргээх чиглэлээр ямар нэгэн тодорхой арга хэмжээ авалгүй зах зээлийн дотоод зохицуулалтад найдаад үлдээвэл одоогийн нөхцөл байдалд ашиггүй ажиллаж буй санхүү, татварын эрсдэлд өртсөн ААН-үүдийн хэсэг гүн хямралд орж, улмаар дампуурахад хүрэх юм гэдгийг онцолж байна.
УИХ-аас ААН, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн өр төлбөрөөс нэг удаа чөлөөлөх хуулийн төслийн саналыг дэмжвэл олон ААН, иргэдэд бодит дэмжлэг болж чадна. Түүнчлэн, МҮХАҮТ-аас явуулсан судалгаанд оролцогчдын 87,3 хувь нь "COVID"-ийн дараах эдийн засгийн Их сэргэлт санаачилгын хүрээнд татвар, нийгмийн даатгал, зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
Өнгөрсөн оны байдлаар цагдаагийн байгууллага нийт 2,2 сая гаруй зөрчлийг бүртгэж түүнд ногдох торгуулийн хэмжээ 66 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ оны 3 сарын 10-ны байдлаар 21 мянган ААН, 160 мянган даатгуулагч НДШ-ийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байна.
Хууль, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд бизнес, эдийн засагтай холбоотой хуулиудыг шинэчлэх санал багтсан бөгөөд энэ хүрээнд:
- НӨАТ, НДШ-ийн хувь хэмжээг бууруулах,
- Төрийн өмчийн (оролцоотой) ААН-үүдийн засаглалд эрс шинэчлэл хийх, хувьчлах,
- Зөвшөөрлийн тухай хуулийг батлах,
- Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэх,
- Танхимын тухай хуулийг шинээр батлах,
- Хөдөлмөрийн тухай хуулийг батлах,
- Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг батлах юм.
Хууль эрх зүйн орчноо засах замаар хөгжил дэвшил, том төсөл, түүнийг дагасан эдийн засгийн боломж бололцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна.