Далай лам Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-06-13 11:22:58

ДАРАМСАЛА. /The Hans India/. Төвөдийн буддын шашны тэргүүн Далай лам Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд баяр хүргэн захидал илгээжээ.


Үүнд, “Анх 1979 онд айлчилж байсан Монгол Улсын талаарх сайхан дурсамжуудаа би сэтгэлдээ тээн явдаг. Монголын залуу болон ахмад үеийнхний аль аль нь хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх хүчин чармайлтыг маань дэмжиж, буддын шашны уламжлалт мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулах шаардлагатай хэмээн үзэж байгаад миний бие ихэд талархдаг. Түүхийн үүднээс авч үзвэл, Монголын ард түмэн, төвөдүүд бид ихэр ахан дүүс мэт улсууд. Гуравдугаар Далай лам Содномжамцын үеэс эхлэн үе үеийн Далай лам нар танай улсын ард түмэнтэй ойр дотно харилцаа холбоотой байсаар ирсэн билээ. 


Миний бие Монголд айлчлах үеэрээ дурдаж байсанчлан, улсын хэмжээнд өөр өөр шашин шүтлэг, итгэл үнэмшил бий ч буддын шашин нь түүхийн хувьд Монголын ард түмний соёл, онцлог, оюун санаанд онцгой нөлөө үзүүлсэн. Буддагийн сургаалд энэрэл нигүүсэл, хүч үл хэрэглэх зэрэг хүний суурь үнэт зүйлсийг тусгасан байдаг нь хувь хүний итгэл үнэмшилтэй зөрчилдөхгүйгээр ашиг тусаа өгч байдаг. У.Хүрэлсүх та болон танай улсын Засгийн газар эдгээр үнэт зүйлийг үргэлжлүүлэн хадгалан баримтална гэдэгт миний бие итгэж байна” гэжээ.


Далай лам Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд Монголын ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэхийн төлөө өндөр их амжилт хүссэнээр энэхүү захидлаа өндөрлөжээ. Зургаадугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор эрх баригч Монгол Ардын намын байр суурийг улам бэхжүүлсэн юм. 

Холбоотой мэдээ