Гаднаас ирэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-14 16:15:40
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос хөл хорио тогтоохгүй, гаднаас ирэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох шийдвэр гаргалаа. Харин халдварын тохиолдол бүртгэгдсэн Богд, Баянговь, Бөмбөгөр, Бууцагаан, Баян-Овоо, Өлзийт, Жаргалант, Эрдэнэцогт сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хязгаарлалт тогтоогоод байгаа бөгөөд АОК-оос дээрх сумдын Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Энэ сарын 16-30-ныг дуусталх хугацаанд Улаанбаатар хот болон бусад улаан бүсээс орон нутаг руу ирэх иргэдийг эрүүл мэнд, буяны ажил, хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, барилгын бараа материалын тээврээс бусад тохиолдолд нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Баянхонгор аймгийн Онцгой комисс гаргажээ. Зайлшгүй тохиолдолд АОК-оос зөвшөөрөл авах юм байна.
Мөн Төрийн байгууллагын ажиллах цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлэх /08:00 – 15:00 цагийн хооронд /, 13 хүртэлх настай хүүхэдтэй эх, эцгийг цахимаар ажиллуулах боломжоор хангахаар шийдвэрлэжээ. Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг дахин бүрдүүлэх, Нэгдсэн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг чанартай, шуурхай зохион байгуулах, Хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлэх шийдвэрийг тус тус гаргасан байна.
Түүнээс гадна Тусгаарлах байраар ажиллаж байсан Баянхонгор зочид буудлыг Тусгаарлах зургадугаар эмнэлгээр ажиллуулахаар болжээ.
Холбоотой мэдээ