“Хантайшир” спорт сургалтын төвийн барилгын шав тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-14 18:35:12

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай хотод өсвөрийн тамирчдын “Хантайшир” спорт сургалтын төвийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо.

Энэхүү ёслолд “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүн МУГТ, мэргэжлийн сумо бөхийн 70 дахь их аварга Д.Бямбадорж, гүйцэтгэх захирал Улсын гарьд Н.Ганбаатар, “Ирээдүй-Алтай” оюутан залуучуудын холбооны тэргүүн М.Өлзийбат болон дэд тэргүүн, тэргүүлэгчид, удирдах зөвлөлийн гишүүд, орон нутгийн холбогдох албаныхан оролцов.

Хүүхэд багачуудын эрүүл өсөж торних боломж, орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээ, оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооноос санаачлан Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэй хамтран “Сэтгэлийн хүчээ Ирээдүйд” төслийг хэрэгжүүлж, энэхүү ажлын хүрээнд ийнхүү Алтай хотод спорт сургалтын төв барих юм.

“Хантайшир” бөхийн дэвжээ 2016 онд Улаанбаатар хот дахь Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт 5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хандивлаж байсан бол “Ирээдүй-Алтай” холбоо нь 2019 онд “Цагийн зөрүү” форумын орлогоо аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн тасгийн тохижилтод өгч байсан юм.


Холбоотой мэдээ