Манай улс арьс шир судлалын лабораторитой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-15 15:22:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс арьс шир судлалын лабораторитой боллоо. Тодруулбал, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд арьс судлалын лабораторийг нээгээд байна.


Европын холбооны Соёл, техникийн агентлагаас энэ талын шинжилгээ, судалгаанд буцалтгүй тусламж үзүүлж хөрөнгө оруулдаг. Монгол Улс энэ талын төсөлд хамрагдан Турк, Польш, Чех, Итали, ОХУ зэрэг 7 орны оролцсон хамтын ажиллагааны хүрээнд арьс шир судлалын лабораторитой болж, ШУТИС 400 сая төгрөгийн хөрөнгө оруулснаас 200 сая төгрөгөөр дээрх лабораторид хэрэглэх шинжилгээний багаж хэрэгслийг авч үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тус лабораторид хэрэглэх нарийн шинжилгээ судалгааны хэмжилтийн багаж хэрэгслийг Их Британи улсын шинжилгээний тоног төхөөрөмж үйдвэрлэдэг компанид захиалснаар зөвхөн Монгол Улсад зориулан үйлдвэрлэж ирүүлжээ. 


Аливаа салбарын хөгжил дэвшил шинжлэх ухааны судалгаа, шинжилгээн дээр суурилан хөгждөг жишгийн дагуу Монгол Улс арьс шир судлалын лабораторитой болсноор манай улсын хөнгөн үйлдвэрлэл, арьс ширний салбар хөгжихөд том хувь нэмэр болно гэдэгт арьс шир боловсруулагч, үйлдвэрлэгчид найдаж байна. 




Монгол малын арьс ширний 80 хувь нь боловсруулалгүйгээр хаягддаг гэсэн тоон мэдээ бий. Тэгвэл мэргэжлийн шинжлэх лабораторитой болсноор 90 хувийг ашиглах боломжтой болох аж. Тодруулбал, тус лаборатори нь малын арьс ширийг боловсруулахад тухайн арьс шир үйлдвэрлэл болон бүтээгдэхүүн хийхэд эдэлгээнийх нь шинж чанарыг гаргаж, чанарын шаардлагыг хангасан эсэхийг юуны түрүү тодорхойлж ялгаж өгөх юм байна. Тухайн арьсыг гутал хийхэд, цүнх үйлдвэрлэхэд ашиглахыг нэг ёсондоо "тодорхойлж" өгнө гэдгийг тодотгож байна.


Манай улсад жилд дунджаар 60-70 сая толгой мал тоологддог ч 10 мянган арьс боловсруулж байна. Эндээс хонь, ямааны арьс, үхрийн ширийг илүү давамгай боловсруулдаг. Сүүлийн жил адууны ширийг түлхүү боловсруулах болжээ. 




Арьсыг топограф буюу байрлал зүйгээр авч үзэн арьсны аль хэсгээр юу хийж, ямар бүтээгдэхүүн хийхийг шинжилж гаргах аж. Тухайлбал, судалгааны дүнд адууны ширээр савхин хүрэм хийхэд зөөлөн, тохиромжтой болох нь тогтоогдож, ингэснээр сүүлийн үед манай улсад адууны ширийг ихээр боловсруулах болсон байна. Адууны шилбэний хэсгээр годон гутал хийхээр судалж байна. Тиймээс судлаач шинжээчид, арьс боловсруулагч, үйлдвэрлэгч нар малчдад хандан мал маллагаандаа анхааран хорхой шавжаас хамгаалан, малаа лак будгаар тамгалж тэмдэг тавихгүй байх зэргээр арьс ширээ анхнаас нь зөв бэлтгэхийг зөвлөж байна. 


Энэ нь нэг талаас үйлдвэрлэлд хэрэгтэй, нөгөө талаас арьс ширээ боловсруулалгүйгээр ялзруулж хаяхгүй, гологдол болохгүйгээр малын түүхий эдээ үнэд хүргэж гадаад, дотоодын зах зээлд гаргах нэг арга юм гэдгийг хэлж байна. Ганц жишээ хэлэхэд хонины тоогоор тэргүүлдэг Австрали улс болон БНХАУ-ын малчид арьс шир, ноос, ноолуур зэрэг малын түүхий эдээ худалдан борлуулсан нөхцөлд мөнгөн орлогынхоо 60 хувийг малаа угаах, тэжээл бордоо, вакцинжуулах зэргээр малдаа, мал маллагаа, мал аж ахуйдаа эргээд зарцуулж ашиг шимээ хүртдэг байна. Тиймээс манай улс мал маллагаандаа шинэ байдлаар хандаж, малын арьс ширээ зөв бэлтгэж, хадгалж, тээвэрлэхээс эхлээд боловсруулж үйлдвэрийн бүтээгдэхүүн гаргах хүртэл малын түүхий эд бэлтгэл дээр бодлого, төлөвлөлттэй хандан ажиллахыг хэлж байна. 


Холбоотой мэдээ