Генералуудын хүндэтгэлийн талбайг засварлаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-16 17:30:18

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төвд байрлах "Генералуудын талбай"-г 218 сая төгрөгөөр тохижуулж засварлана.

-Завхан аймгаас төрсөн 24 генерал цолтноо алдаршуулах, ирээдүй хойч үедээ тэдний дүр төрх, намтар түүх, гавьяаг өвлүүлэн үлдээх зорилгоор байгуулсан тус талбайг аймгийн хууль сахиулах зургаан байгууллага хамтран тохижуулж, шинэчлэн байгуулах ажлыг эхлүүллээ. Нийт төсөвт өртөг нь 218 сая төгрөг болж байгаа аж.

Гэхдээ ажлын хөлс төлөхгүйгээр Улиастай цэргийн хүрээнийхээ алба хаагчдынхаа хүчээр засварлаж эхлээд байна. Мөн тус байгууллагууд хандив тусламж нийлүүлэн шаардлагатай хөрөнгөө бүрдүүлэхээр болсон байна. Улиастай сумын ЗДТГ-аас гэрэлтүүлгийн асуудлыг хариуцаж тохижуулна. Харин генералуудын төрхийг гантиг чулуун хөшөөн дээр товойлгон гаргаж, намтар түүхийг сийлэн үлдээх юм. Талбайг шинэчлэх ажлыг наймдугаар сарын нэгний өдөр гэхэд дуусгахаар төлөвлөөд байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. 

2021 он бол Зэвсэгт хүчний түүхэн жил юм

Завхан аймаг Монголдоо хамгийн олон буюу 24 генералтай.

Дээрх генералуудын алдар, гавьяаг алдаршуулах, залуу хойч үедээ сурталчлан таниулах нь бидний үүрэг юм. Тиймээс Завхан аймаг генералуудын хүндэтгэлийн талбайг өөрсдийн хүчээр засварлах, тохижуулах ажлыг эхлүүлээд буй. 

БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх цэргийн дээд цолыг манай улсад бий болгосон ба “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласнаар төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд анх генерал цолыг олгожээ. Түүнээс хойш 77 жилийн хугацаанд нийт 186 цэргийн зүтгэлтэн энэхүү эрхэм цолыг хүртээд байна. Тэдгээр генерал цолтнуудын дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 20, хошууч генерал 110, бригадын генерал 44 байна.

Мөн 2021 он бол Зэвсэгт хүчний хувьд түүхэн жил. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил тохиож байна. Түүний зэрэгцээ артиллерийн цэрэг үүсгэн байгуулсны 100 жил, Батлан хамгаалах яамны 110, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100, Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ой тус тус тохиож байна. Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан цагаасаа үндэсний язгуур эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бат найдвартай хамгаалж ирсэн дайчин түүхтэй гэж аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ