Д.Нямтөгс: Хар замын жолооч, хангай газрын жолооч хоёр өдөр шөнө шиг ялгаатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-17 10:13:20

Хэнтий /МОНЦАМЭ/ Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн түүхэн ой энэ жил тохиож байна. Нэгэн зууны түүхийг бүтээлцэж, аяны дөрөөг залж явсан Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагын ахмад ажилтан Дашдондогийн Нямтөгстэй уулзаж, ярилцлаа.


-Цагдаагийн байгууллагатай холбогдсон дурсамжаар тань яриагаа эхлүүлье.

-Би удам дамжсан жолооч. Миний аав, гурван ах, гурван дүү бүгд жолооч. Тиймээс багаасаа машин техник сонирхдог, замд явдаг байлаа. Манай хэсгийн төлөөлөгч Осгон надтай хамт аймаг руу ирдэг байсан.Тэгэхдээ намайг цагдаад орох уу гэж их асуудаг байлаа. Нэг удаа Осгон төлөөлөгч маань хоёулаа аймгийн төв рүү хүн хүргэж өгнөө л гэсэн. Тэгээд аймагт ирээд хоёр хонотол, чи маргааш өглөө хүрээд ирээрэй гэсэн.Тэгээд шууд л цагдаагийн байгууллагад ажилд орж байлаа.

-Таныг ажилд орж байх үед ямар тээврийн хэрэгсэлтэй байв? Машины хангалт хэр байсан бэ?

-Тэр үед цагдаагийн байгууллага зургаан жаран естэй байлаа. Зургаан машины дөрөв нь хөдөлдөг, хоёр нь байнгын эвдрээстэй, нөөцөд байдаг байсан. Одоо замын цагдаа хийдэг Болд маань 1997 онд, би 1999 онд, Ренчиндаваа 2002 онд жолоочоор орж ажилласан. Бид гурав хөдөө ажилд их явна. Хөдөө орон нутгийн хэсгүүд машин муутай байсан болохоор аймгийн төвөөсөө очиж шалгана. Байнга л ийш тийшээ явдаг байсан. Жаран есөөрөө жилд 60000, 70000 км явсан байдаг юм. 

-Цагдаагийн алба хаагчид эх орныхоо томилолтоор ажилладаг. Таны томилолт хаа хүрч байв?

-Би Багануурын цагдаагийн хэлтэст нэг жил, Говьсүмбэр аймгийн Шийдвэр гүйцэтгэх газарт 1 жил 6 сар, Бэрхийн цагдаагийн хэлтэс, Батноров сумын цагдаагийн тасагт 9 сар ажилласан. Аймгийн төвд Цагдаагийн газарт 22 жил ажиллаад гавъяаныхаа амралтыг авч байна даа.

-Жолооч хүний хариуцлага минут, секундээр хэмжигддэг. Цагдаагийн албаны жолооч илүү хариуцлага шаарддаг байх?

-Цагдаагийн байгууллагын жолооч тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал, хүний амийг хариуцахаас гадна сэжигтэн, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, прокурор гээд олон хүний аюулгүй байдлыг хангаж явдаг үнэхээр хариуцлагатай ажил. Тиймээс өглөө эртлэн босоод машиныхаа бүрэн бүтэн байдлыг байнга шалгадаг.

-Сэтгэлд тодхон сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Бурхан халдун хайрхны 2008 оны тахилгаар бэлтгэл хурандаа Д.Доржоор ахлуулсан ажлын хэсэг хамгаалалтад явсан юм. Тэгэхэд би 51-39 гэсэн дугаартай жаран ес машинтай явж байлаа. Энэ үеэр мөн Багануур, Төв аймаг болон Улаанбаатар хотоос 805-аас цагдаа нар хамгаалалтад ирсэн. Тэр үед их шавартай байсан юм. Гэтэл Дорж дарга за явна шүү л гэнэ. Хажууд сууж явсан Батхүү дарга яваад бай, дайраад бай л гээд байсан. Тэгээд л зүтгэсээр байгаад шаварт суулгүй гарсан даа. Дорж даргын жолооч Болд мөн л шаварт суугаагүй гарсан. Тэгтэл Хэнтийн хоёр тэрэг цойлоод гарчихлаа л гэж байна. Дараа нь Төв аймаг, Багануурын цагдаагийн машинууд шаварт суучихаад бид очиж мод чулуу хийж хөшүүрэгдээд гаргаж байлаа. Тэр үед хар замын жолооч, хангай газрын жолооч хоёр өдөр шөнө шиг ялгаатай болохыг харсан даа. Бурхан Халдун хайрхныхаа хамгаалалтад яваад, шаварт суугаагүй ирснээр цалингийнхаа 20 хувиар шагнуулж, сэтгэлдээ үнэхээр бахдалтай сайхан байсан. Ер нь машин барих бол жолооч хүний ур чадвар юм.

-Аймгийнхаа хойд сумдаар хэр их явсан бэ? Бороо устай, шавартай үед ч бас зам хэцүү шүү дээ.

-Явалгүй яахав. Хойд сумдаар явахад нэг гол гараад айлд очно гэж байхгүй. Нэгээс хоёр гол гарна, шавар ус ихтэй. Машиндаа итгэж байж л гол ус руу орно. Муу машинтай хүн бол орохгүй шүү дээ. Нэг удаа Биндэрийн Сэрүүн галтайгаар явах ажил гарлаа. Тэр үед Биндэрийн Ононгийн эрэг дээр тав зургаан жаран ес эгнэчихсэн байсан. Хойшлуулшгүй ажил, арга хэмжээтэй, дуудлагаар явж байсан болохоор кобудан дээгүүр ус цохиод л гарч байлаа. Бас нэг удаа 10 дугаар сард Баян-Адаргаас хойшоо Сэрүүн галтайд нэг айхтар дуудлага гараад явлаа. Тэр үед чинь Онон голд бирвааз байгаагүй. Кобуд, шилэн дээгүүр нь нэг төө хэртэй ус халихад жаран ес маань гараад л явчихсан. Улсын мөрдөн байцаах газар одоо ажиллаж байгаа Баянмөнх миний хажууд бичиг баримтаа толгой дээрээ бариад сууж байсан. Гол гарсан хойно хартал суудал нь норчихсон байсан. Аюул бүхний ард гарсны дараа машин тэрэг, ажил мэргэжлээрээ бахархах ч сайхан шүү дээ.

-Олон хоногоор хөдөө яваад ирэхэд гэрийнхэн нь яаж угтаж авдаг вэ?

-Би чинь олон хоногоор хөдөө явж ирээд хүүхдүүдээ үнсэнэ. Тэгэхэд охин маань өөдөөс ёслоод Амрыг эрье, сайн явж ирэв үү гэхэд нь огшдог байлаа. Охиноо 12 дугаар анги төгсөхөд нь цагдаагийн ажил хэцүү шүү, чи өөр сургуульд ор гэсэн чинь үгүй гэж зүтгэсээр байгаад Цагдаагийн академид орсон. Төгсөж ирээд жил гаран болж байна. Одоо мөрдөн байцаагчаар ажилладаг.

-Таны эхнэр ажил албыг чинь хэрхэн хүлээж авч ойлгодог вэ?

-Байнгын олон хоногоор ийш тийшээ явдаг хүний ажил албыг хамгийн сайн ойлгох хүн бол хань шүү дээ. Миний эхнэрийг Н.Уранчимэг гэдэг. Эхнэр маань миний ажлын хоногийг календарь дээр цоолоод тэмдэглэсэн байдаг юм. Тэр календарийг харахад жилийн 365 хоногийн 160 хоногт нь гэртээ хонож, 200 орчим хоногт томилолтоор ажилласан байдаг. Бид хоёр 10 жилийн сургуулиа хамт дүүргэсэн. 1992 онд Биндэрийн 10 жилийн сургуулийг төгсөөд эхнэр маань Дорнодын Багшийн сургуульд явсан. Би 1994 онд цэргийн албанд татагдаж, Шилийн Богдын урдхан байдаг Эрдэнэцагаан сумын Жаргалантын I заставт цэргийн алба хаасан. 1996 онд эхнэр маань Дорнодын Багшийн коллежийг төгсөөд ирэхэд би Батширээт суманд "аавын цээж" унаад хот хооронд явдаг жолооч байлаа.Тэгээд бид 1997 онд гал голомтоо бадрааж, ажил амьдралаа сайхан бадрааж явна.

-Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын хамт олондоо ойн мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Хэнтий аймгийн цагдаа, Монголын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа цагдаа нарынхаа ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсье. Эх орон минь амар тайван, айл өрх бүр элэг бүтэн, энх жаргалтай байх болтугай.

-Ярилцсанд баярлалаа.  

 

Холбоотой мэдээ