Энэ хавар 882 өрх хашаандаа мод тарьж ургуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-21 21:35:33

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт энэ жил “Өрх бүр хашаандаа мод таръя” аяны хүрээнд 5408 ширхэг мод бутыг 882 өрх хашаандаа тарьжээ.

2021 оны хаврын мод тарилтаар аймгийн хэмжээнд улиас, бургас, шар хуайс, хайлаас, чацаргана, үхрийн нүд, буйлс, гүйлс, өрөл, голт бор, тэхийн шээг, шинэс, монос, интоор, бөөрөлзгөнө, агч зэрэг 16 гаруй нэр төрлийн нийт 12565 ширхэг мод бут тарьсан байна. Үүний 5408 ширхэг мод бутыг 882 өрх хашаандаа тарьжээ. Харин 6087 ширхэгийг 126 аж ахуйн нэгж байгууллага орчин тойрондоо тарьсан байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

 

Таван га талбайд чацарганын плантаци байгууллаа

Завхан аймагт энэ хаврын мод тарих ажилд 2249 иргэн, 126 аж ахуйн нэгж байгууллага оролцжээ.

Мод тарих ажилд 44.2 сая төгрөг зарцуулан, 12565 ширхэг мод сөөг тарьж, арчлан ургуулж байна. Энэ жил шинээр Сонгино суманд таван га талбайд бичил цэцэрлэг, Тэлмэн суманд мөн таван га талбайд чацарганын плантаци байгуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай 2010 оны 63 дугаар зарлигийн хүрээнд 2021 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг манай аймаг “Өрх бүр хашаандаа мод таръя” аяны хүрээнд зохион байгуулсан юм. Ингэхдээ мод тарих сонирхолтой иргэн, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг Байгаль орчин аялал жуулчлалын газрын мод үржүүлгийн газар, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 10 мод үржүүлгийн газартай холбож, хамтран ажилласан байгаа. Мөн хоёр иргэн, Улаанбаатар хотын мод үржүүлгийн нэг газартай хамтран модны тарьц суулгац, зүлэг, цэцгийн үр зэргээр хангаж ажиллалаа.

24 сумын 31 байгаль хамгаалагчид иргэдэд мод тарьж арчлан ургуулах сургалтыг цахимаар, болон утсаар өгч, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлсэн. Түүнчлэн байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулан мод тарих аргачлал, тарьц суулгацын худалдаа, мод тарих уриалга зэргийг иргэддээ хүргэсэн байна гэв.  

Холбоотой мэдээ