Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-06-22 12:27:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд 6 дугаар сарын 15-наас 22-ны өдөр хүртэл тогтоосон “Өндөржүүлсэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацааг мөн сарын 30 хүртэл сунгахаар шийдвэрлэж, аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Тус аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, 11 суманд 423 тохиолдол бүртгэгдэн нэг хүн нас барсан байна.  

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд төрийн байгууллагуудын ажилтнуудын 10 хүртэл хувийг хуваарийн дагуу ажиллуулж, бусад ажилтныг гэрээс нь ажиллахаар зохицуулахыг байгууллагын удирдлагууд, сумын Засаг дарга нарт үүрэг болгосон.

Хүнсний дэлгүүрүүд 9:00-18:00 цагийн хооронд ажиллах ба архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдан борлуулахгүй байх шийдвэр хэвээр байна.

Эмийн сан, хүнсний дэлгүүрүүд, ШТС, банкуудаас бусад аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг түр хязгаарлаж, хоол хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрсөн.

Дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийг зогсоохгүйгээр өнгөрүүлэх бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдээр нэвтэрч байгаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, шаардлагатай тохиолдолд дархлаажуулалтын бүрэн тунгаа хийлгэсэн иргэдийг ч 7 хоног тусгаарлах байр, гэр гэрт нь тусгаарлах юм. 

Холбоотой мэдээ