Таван чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй мэдээлэлд ангилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-22 16:48:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдрийн хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.


Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр, нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж хандах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон бөгөөд хүн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээлэл болон албаны нууцад хамаарах мэдээллийг ойлгохоор тусгасан болохын тодотгов. Хууль саначлагчийн танилцуулснаар одоогийн мөрдөж байгаа хуульд заасан нээлттэй, ил тод байлгах мэдээллийг нэмэгдүүлсэн байна. Үүнд:


-тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл;


-мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрх;


-хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл;


-мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл;


-төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн ашиг, алдагдлын тайлан, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн;


-стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ;


-төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл;


-Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ;


-барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт;


-тусгай хамгаалалттай газар нутагт дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал;


-улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандив;


-зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн талаарх мэдээлэл;


-хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, өмчлөгчийн талаарх мэдээлэл;


-мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн талаарх мэдээлэл;


-нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй мэдээллийн сан дахь нээлттэй өгөгдөл зэрэг 5 чиглэлээр 67 багц мэдээллийг нэмж тусгасан гэлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан нар асуулт асуув. Үүнд, 2018 онд улсын бүртгэлийн багц хууль батлагдах үед нээлттэй, хязгаартай, хаалттай мэдээлэл гэсэн заалт тусгасан, үүнтэй холбогдуулан Нийтийн мэдээллийн тухай хуульд ямар мэдээллийг нээлттэй, хязгаартай гэж ангилсан, үүний аюулгүй байдал, мөн газрын мэдээллийн зохицуулалт хэрхэн тусгагдасан талаар тодруулав.


Хууль санаачлагч болон Ажлын багээс хийсэн тайлбарт, улсын бүртгэлийн багц дөрвөн хууль баталснаас хойш Улсын бүртгэлийн байгууллага болон Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар дундын мэдээлэл солилцож эхэлсэн. Ингэснээр шинээр олгож буй газар, түүний бүртгэлийн мэдээдэл санд бүртгэж байгаа. Харин нийтийн мэдээллийг мөн нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан ба 5 чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй мэдээлэлд ангилсан. Аюулгүй байдлын хувьд, хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хөндлөнгийн этгээд нэвтэрсэн үед тухайн иргэний гар утас болон цахим шууданд мэдэгдэл ирэхээр зохицуулсан гэв.


Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр нар уг хууль батлагдсанаар иргэдээс мэдээлэл шаардахгүй байх хязгаарлалтыг тогтоож өгөх, уг хууль төрийн болон албаны нууцын тухай хуультай уялдуулж өгөх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.


Ингээд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад 66,7 хувийн саналаар дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ