Токиогийн Олимпын үеэр спортын байгууламжуудад согтууруулах ундаа зарахыг хоригложээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-06-23 11:43:46

ТОКИО. /TASS/. Токиогийн Олимпын наадмын үеэр спортын байгууламжуудад согтууруулах ундаа зарах, мөн үзэгчдэд согтууруулах ундаа биедээ авч орохыг хориглохоор болжээ.


“Олимпын наадмын үеэр бид спортын байгууламжуудад согтууруулах ундаа зарахыг хориглох шийдвэр гаргалаа. Үзэгчид мөн цэнгэлдэх хүрээлэнд согтууруулах ундаа авч орох хориотой” гэж "Токио-2020" олимпыг зохион байгуулах хорооны дарга Хашимото Сэйко лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Хашимотогийн хэлснээр, наадмын ивээн тэтгэгчдийн нэг болох Японы шар айргийн үйлдвэрийн “Asahi” компани энэ шийдвэрийг зөвшөөрсөн байна. 


Эхэндээ зохион байгуулагчид спортын байгууламжуудад согтууруулах ундаа зарахыг зөвшөөрөхөөр төлөвлөж байсан боловч Японы сөрөг хүчний намууд, эмнэлгийн мэргэжилтнүүд, мөн ард иргэдийн шүүмжлэлд өртсөний улмаас шийдвэрээ өөрчилжээ.


Түүнчлэн биеийн температур нь 37.5-аас дээш байгаа үзэгчдийг Токиогийн наадмын үеэр спортын байгууламжууд руу нэвтрүүлэхгүй байхаар болсон байна. Үзэгчдийн биеийн халууныг хэмжихдээ биеийн температурыг илрүүлэх камерууд, зайнаас халуун хэмжигчүүд ашиглах аж. Цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдээс амны хаалт байнга зүүх, гар ариутгагч хэрэглэх, хүн хоорондын зайгаа барихыг шаардана. Мөн чанга ярих, хашхирах, алгаа ташихыг хориглоно.  


Спортын арга хэмжээнд оролцсоны дараа хүмүүс шаардлага гарсан үед цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын дугаарыг шалгах тасалбарынхаа мэдээллийг хоёр долоо хоногийн турш хадгалах ёстой. Эдгээр мэдээлэл нь коронавирусний халдвар авсан тохиолдолд харьцсан байж болзошгүй хүмүүсийг нь олж тогтооход шаардлагатай юм.


Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нээс наймдугаар сарын 9-ны хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид гуравдугаар сарын 20-нд гаргасан. Дотоодын үзэгчидтэй холбоотой шийдвэрийг зохион байгуулагчид зургаадугаар сарын 21-нд гаргасан бөгөөд тоог нь 10 мянгаар хязгаарлаж, тэмцээний үеэр спортын байгууламжуудын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтжээ.


Холбоотой мэдээ