Цар тахлын үеийн хуулийн хэрэгжих хугацааг сунгах асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-06-24 13:35:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх үед АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа.


Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэх эрсдэлтэй байна. Иймд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхийг хангахад чиглэсэн холбогдох шийдвэрүүдийг шуурхай гаргаж, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, халдварын тандалт судалгаа, илрүүлгийг эрчимжүүлж, тасралтгүй зохион байгуулах шаардлага тулгараад байгаа юм. Мөн ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийг нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах, хуулийн үйлчлэх хугацааг сунгах үүднээс уг хуулийн төсөл боловсруулсныг Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм.


Түүнчлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40 тэрбум төгрөг байхаар баталсан ч 2021 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар зарцуулах дүн 52.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь цаашид цар тахлын улмаас урьдчилан тооцох боломжгүй байдал үүссэн тохиолдолд санхүүгийн хүндрэл үүсэхээр байгаа. Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан талаар дурдав.


Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн хуулийн хэрэгжих хугацааг сунгах, Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой асуудал зэргийг тус тусад нь хууль болгон оруулах шаардлагатай байсныг онцлов. Өөрөөр хэлбэл, нэг хуулийн төсөлд хэт олон салбарын зохицуулалт орсон байна хэмээсэн юм.


Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хүн төрөлхтнийг нөмөрсөн гамшгийн үед Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зарцуулах нь зөв хэмээв. Мөн тус сангийн хөрөнгийг цар тахлын голомтод ажиллаж буй төрийн албан хаагчдыг хамгаалахад зарцуулах хэрэгтэй гэлээ.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хуулийг шуурхай баталж, цар тахалтай тэмцэж буй байгууллагуудын үйл ажиллагааг саадгүй явуулах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа. Түүнчлэн сумын эмнэлэг, өрхийн эмнэлгүүдийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэх зохицуулалт хийх шаардлагатай гэлээ. Тэрбээр, “Өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод цар тахлын асуудал ярьдаг байсан бол одоо сум, баг бүрт энэ асуудал тулгарч байгаа. Тиймээс иргэдийн эм тариа, эмчилгээний зардлын 60-70 хувийг төр хариуцдаг шуурхай зохицуулалт хийх ёстой” гэв.


Харин УИХ дахь АН-ын бүлэг тус хуулийн төслийг нарийвчлан хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж буй тул ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлтэй байгааг тус бүлгийн дарга Д.Ганбат танилцууллаа.


Хуралдаан даргалж буй УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, “Энэ хуулиар иргэдийг халдвараас сэргийлэх, эмчлэх, нийгэм эдийн засгийг сэргээх бүх асуудлыг зохицуулж байгаа. Гэвч хэрэгжих хугацаа нь энэ сарын 30-нд дуусах тул сунгах асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй” хэмээгээд АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.

Холбоотой мэдээ